
Өнөөдөр 2025.09.26. Энэ оны 269 дахь өдөр бөгөөд он дуусахад 96 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 43 минутад мандаж, 18 цаг 44 минутад жаргана.
Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм дулаан, шөнөдөө 8 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Жирэмслэлтээс хамгаалах дэлхийн өдөр, Цөмийн зэвсгийг бүрэн устгахын төлөөх олон улсын өдөр тохиож байна. Эквадорт Төрийн далбааны өдөр, Йеменд Хувьсгалын өдөр, Австралид Коалаг аврах өдөр, Германд Хачиртай талхны баярыг тэмдэглэж байна.
Энэ өдөр Өмнөд Африкийн улстөрч, Нельсон Манделагийн экс эхнэр Винни Мандела, Английн рок хөгжимчин Брайан Ферри, Орос-Америкийн математикч Фёдор Богомолов, Англи, Австралийн жүжигчин, дуучин Оливиа Ньютон-Жон, Америкийн жүжигчин Линда Хамильтон, Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенко, Канадын хоккейчин Крис Куниц, Америкийн теннисчин Серена Уильямс зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1926 оны энэ өдөр МАХН-ын V Их хурал хуралджээ. Хуралд 181 төлөөлөгч оролцож, БНМАУ-ын эдийн засаг, соёлын талаар намаас тавих зорилтыг тодорхойлов.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1789 оны энэ өдөр АНУ-ын түүхэнд анх удаа төрийн нарийн бичгийн даргын тушаалд Томас Жефферсоныг томилжээ.
1939 оны энэ өдөр Францад коммунист байгууллагуудыг хориглож, Францын коммунист намын тэргүүнүүдийг баривчилжээ.
1950 оны энэ өдөр Индонез улс НҮБ-д элсэж байв.
1959 онд Японд Вера далайн хар салхи дэгдэж, хоёр сая хүн амтай Нагоя хот бүрэн сүйрчээ.
1960 оны энэ өдөр НҮБ-ын түүхэнд хамгийн урт үргэлжилсэн яриаг Фидель Кастро хийжээ. Тэрээр 4 цаг 29 минут ярьсан байна.
1961 оны энэ өдөр Нью-Йоркт дуучин Боб Дилан тоглолтоо хийжээ.
1962 оны энэ өдөр төрийн эргэлт болж, Йемен Арабын Бүгд найрамдах улсыг зарлав.
1969 оны энэ өдөр Англид “Битлз”-ийн студийн сүүлийн цомог болох “Abbey Road” гарчээ.
2008 онд Монгол Улсад Чингис хааны морьт хөшөөг нээв.
2023 онд Иракийн Каракошед болсон хуримын үеэр гал гарч, 120 гаруй хүн амиа алдав.
Өнөөдөр үс засуулбал эд мал арвижна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )