ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

Өнөөдөр 2025.10.17. Энэ оны 290 дахь өдөр бөгөөд он дуусахад 75 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 13 минутад мандаж, 18 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 7 хэм хүйтэн, шөнөдөө 13 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ядуурлыг арилгах олон улсын өдөр, Дэлхийн оюутны өдөр тохиож байна. Аргентинд энэ өдөр Үнэнч байдлын өдөр, Энэтхэгт Цахим хамтын нийгэмлэгийн өдөр, АНУ-д Хоёрдох боломжийн өдөр, Филиппинд Эргийн хамгаалалтын өдрийг тэмдэглэж байна

Энэ өдөр Украины зохиолч Иван Драч, Америкийн анхны өнгөт арьст сансрын нисэгч Май Жемисон, кино продюсер Лоуренс Бендер, жүжигчин Майк Жадж, рэппер Эминем, Туркийн дуучин Таркан, Финландын авто уралдаанч, “Формула-1”-ийн аварга Кими Райкконен, Английн жүжигчин Фелисити Жонс зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр МХЗЭ-ийн IV Их хурал хуралдаж, 128 төлөөлөгч оролцжээ. Намын төв сургууль байгуулагдаж, захирлаар нь Н.Хаянхирваа томилогдов.

1961 оны энэ өдөр Бурхантын хөндийд одоогийн Дархан-Уул аймаг буюу Дархан хотын анхны суурийг тавьжээ.

1997 оны энэ өдөр УИХ дахь МАХН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д оруулж, уг асуудлыг хэлэлцжээ. Санал хураалтаар 47 гишүүн огцруулахгүй, 25 нь огцруулна гэж санал өгснөөр Засгийн газрыг огцруулахгүй хэвээр үлдээхээр шийдэж байв.

2014 оны энэ өдөр Монгол Улс АСЕМ даргалахаар сонгогджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1979 оны энэ өдөр Тереза эх Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

1988 оны энэ өдөр алга болсонд тооцогдож байсан Бетховены аравдугаар симфонийг Лондонд анх удаагаа тогложээ.

1996 оны энэ өдөр Аслан Масхадов Чеченийн Ерөнхий сайдаар сонгогдов.

2018 оны энэ өдөр Керченскийн политехникийн коллеж дээр халдлага болж, 21 хүн амиа алджээ.

Өнөөдөр үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top