Өнөөдөр 2025.10.27. Энэ оны 300 дахь өдөр бөгөөд он дуусахад 65 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 28 минутад мандаж, 17 цаг 44 минутад жаргана.
Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 1 хэм дулаан, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Сургуулийн номын сангийн олон улсын өдөр тохиож байгаа бол Грект Төрийн далбааны өдөр бол АНУ-д Тэнгисийн цэргийн өдрийг тэмдэглэж байна.
Энэ өдөр Английн жүжигчин, Эммигийн шагналт Жон Клиз, Канадын кино найруулагч Айван Райтман, Италийн жүжигчин, Оскарын шагналт Роберто Бениньи, Их Британийн хийлч, хөгжмийн зохиолч Ванесса Мэй зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1959 оны энэ өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга С.Лувсан АИХ-ын Тэргүүлэгчид ба Засгийн газрыг төлөөлөн Хятадын гүүр барилгын хэсэг ажилчдад одон медаль, жуух бичиг зэрэг шагнал гардуулжээ. 1958 онд БНХАУ-аас БНМАУ-д эдийн засаг, техникийн тусламж үзүүлэх гэрээний дагуу хятад ажилчид Монгол Улсад гурван гүүр барьсан байна.
1961 оны энэ өдөр БНМАУ НҮБ-ын гишүүн болов. БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар энэ өдөр хэлэлцжээ. Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай улсын төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болсон юм.
1981 оны энэ өдөр БНМАУ-ын ус цаг уурын албаны ерөнхий газар болон БНХАУ-ын цаг уурын газрын төв хороо хамтран “Улаанбаатар-Бээжингийн цаг уурын мэдээ солилцох болон цаг уурын мэдээний сувгийн тухай протокол”-д гарын үсэг зурав.
1996 оны энэ өдөр Мэгжид Жанрайсиг бурхныг шүншиглэж, аравнайлжээ. Их шүтээнийг анх 1913 онд бүтээсэн төрх, хэмжээгээр нь дахин бүтээж, Гандантэгчинлэн хийдэд залсан юм.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1943 оны энэ өдөр Эрдэнэсийн арлын төлөөх тулаан эхэлжээ.
1982 оны энэ өдөр БНХАУ-ын хүн ам тэрбум давсан талаар зарлав.
1990 оны энэ өдөр Аскар Акаев Киргизийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
1991 оны энэ өдөр Туркмен тусгаар тогтнолоо зарлав.
Өнөөдөр үс засуулбал өнгө зүс сайжирна
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 0 )