ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

Өнөөдөр 2025.12.09. Энэ оны 343 дахь өдөр бөгөөд он дуусахад 22 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 28 минутад мандаж, 17 цаг 01 минутад жаргана.

Улаанбаатарт ялимгүй цастай. Өдөртөө 11 хэм хүйтэн, шөнөдөө 20 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Авлигын эсрэг олон улсын өдөр, Үй олноор хомроглон устгах гэмт хэргийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх олон улсын өдөр тохиож байна. ОХУ-д өнөөдөр Эх орны баатруудын өдөр бол Шри Ланкад Тэнгисийн цэргийн өдөр, Перуд Зэвсэгт хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн Соня Ганди, Америкийн жүжигчин, найруулагч Жон Гэвин Малкович, “Алтан бөмбөрцөг”, “Эмми”-гийн шагналт Фелисити Хаффман, жүжигчин, дуучин Донни Осмонд, Японы гүнж Масако, Өмнөд Солонгосын дуучин, жүжигчин Чой Мин У, Америкийн гимнастикч МакКэйла Марони зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1925 оны энэ өдөр үндэсний мөнгөн тэмдэгтийг анх удаа гүйлгээнд гаргажээ. 900 сорьцын 18 грамм жинтэй цагаан мөнгөн зоосыг нэг төгрөг хэмээн нэрлэж, 5 мөнгө, 10 мөнгө, 20 мөнгө гэхчлэн уйгаржин үсгээр бичсэн мөнгөн зооснууд байжээ. Мөн 1, 2, 5, 10-тын дэвсгэртүүд цаасан мөнгөн тэмдэгтүүд байсан ба нийт зургаан сая төгрөгийг ЗХУ-д захиалан хийлгэжээ.

2015 оны энэ өдөр уран барималч, зураач Даши Намдаковын бүтээлд Төрийн шагнал хүртээжээ.

2016 оны энэ өдөр хүүхдийн зохиолч Ж.Дашдондог Төрийн шагнал хүртсэн байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр Бүгд найрамдах Крымийн Ард улсыг байгуулснаа зарлажээ.

1948 онд Үй олноор хомроглон устгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай конвенцыг баталжээ.

1961 оны энэ өдөр Израилийн шүүх Адольф Эйхманд хүн төрөлхтний эсрэг гэмт хэргээр цаазын ял оноожээ.

1968 оны энэ өдөр Дуглас Энгельбарт анх удаагаа компьютерийн хулгана зохион бүтээснээ зарлажээ.

1992 оны энэ өдөр НҮБ Сомалид хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

2005 оны энэ өдөр Лондон хотод алдарт хоёр давхар улаан автобус Рутмастер шугамд явахаа болив.

2024 онд Сирийн сөрөг хүчин ялж, Башар Асадын дэглэм нурав.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна  

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top