Красноярскийн захирагч Усс: Ойн түймэр жирийн үзэгдэл, бороо орохоор унтардаг уламжлалтай

2019 оны 07 сарын 30

Орост гарсан ойн түймэр одоогийн байдлаар гурван сая гектар газар нутгийг хамраад байгаа нь Бельги улсын нутагтай тэнцэхүйц хэмжээний газар байгаа юм. Үүнээс Сибирьд нэг сая 603 мянган га газрыг хамарсан 232 түймэр асаж байна. Эрхүү мужид 137, Красноярскийн хязгаарт 94 түймрийн голомт байна.
 

Харин Красноярск хязгаарын амбан захирагч Александр Усс ойн түймрийг жирийн нэг байгалийн үзэгдэл гэж үзэж байна. “94 түймрийн голомтоос суурин газарт ойрхон гурван түймрийг л унтраах арга хэмжээ авч байгаа. Учир нь энэ байгалийн үзэгдэлтэй тэмцээд утгагүй, өөрөө унтардаг уламжлалтай” гэж Усс ярьжээ.

Залуучуудын "Бирюса-2019" форум дээр түүний хэлсэн үг олны гайхлыг төрүүлсэн. Тэрээр “Ихэнх түймрийн голомт хот суурин газраас хол, ховор үнэтэй мод ургадаггүй бүс нутагт байгаа. Өвөл хүйтэн, цасан шуургатай байхад хэн ч далайн мөсөн уулыг хайлуулж, дулаацъя гэж боддоггүй биз дээ. Үүнтэй адилхан ойн түймэр бол жирийн нэг байгалийн үзэгдэл тул бороо, хур тунадас ороход л унтарна. Ер нь хэлэхэд 100 жилийн өмнө хэн ч ойн түймэрт анхаарал хандуулдаггүй байсан” гэж мэдэгджээ.
 

Түймэр хот тосгоноос хол байж болох ч утаа нь хэдийн ард иргэдийн эрүүл мэндэд заналхийлж эхлээд байна. Түймрийн утаа Монгол, Казахстанд ирсэн гэхээр нутгийн иргэд амьсгалах аргагүй байгаа нь ойлгомжтой. Тус хязгаарын Ванавар тосгонд хүмүүст үнэгүй маск тарааж байна.
 

“Greenpeace”-ийн ОХУ дахь салбараас Сибирийн түймрийг нэн даруй унтраах шаардлага гаргаж, 129 мянган хүн гарын үсэг зураад байна.

ОХУ-ын мини хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Иван Чишкала инстаграм хуудсандаа “Хагас жилийн өмнө Красноярскт Оюутны универсиад наадам зохион байгуулж, 75 тэрбум рубль гаргаж байлаа. Телевизийн бүх сувгаар гаргаад баярлаж байсан. Харин одоо төрөлх Красноярск мужид ойн түймэр гарч, хүмүүс утаанд хордож байна. Хамгийн аймшигтай нь энэ түймрийг хэн ч унтраах гэж оролдохгүй байна. Яагаад гэвэл зардал ихтэй, ашиггүй гэнэ. Манай улс хаашаа л яваад байна даа. Универсиад наадамд мөнгө гаргаад түймэрт хөрөнгө байхгүй гэх юм” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top