АНУ-ын Вашингтоны үндэсний амьтны хүрээлэнд төрсөн Бэй Бэй хочтой панда баавгай төрсөн газраа орхин, Хятад орныг зорьжээ.
АНУ, БНХАУ-ын харилцааны бэлгэ тэмдэг болсон Бэй Бэй пандаг түүний асрагч, малын эмч дагалдан явж байгаа бөгөөд тусгай нислэгээр 16 цаг нисэж, Хятадын Сычуан мужийн нийслэл Чөндү хотод буух юм.
Мандарин хэлээр “үнэт эрдэнэс” гэх нэртэй дөрвөн настай эл панда баавгай “Панда дипломат ажиллагаа” хөтөлбөрийн хүрээнд Хятадыг зорих болжээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Хятад улс дэлхийн амьтдын хүрээлэнгүүдэд өхөөрдөм баавгайнуудыг түрээсэлдэг бөгөөд залуу панда дөрвөн нас хүрмэгц эх орондоо буцаж, үржилд ордог байна.
“Бид Бэй Бэй өсгөж, асарч, жинхэнэ элчин сайд болж өсөхийг нь харсан” гэж Вашингтоны үндэсний хүрээлэнгийн захирал Стив Монфорт ярьжээ.
АНУ-ын “FedEx” үндэстэн дамнасан компани нислэгийн зардал болон энэ үйл явдалд зориулан “Панда Экспресс” гэж нэрийдсэн Боинг 777 онгоцыг тусгайлан тоноглох зардлыг даасан байна. Вашингтоны амьтны хүрээлэнгийн ажилтнууд Бэй Бэйд зориулан 30 кг хулс мод, нэг орчим кг алим, лийр, нэг орчим кг чанасан төмс, хоёр тор жигнэмэг, ус зэргийг бэлтгэж өгчээ.
Бэй Бэйн ах Тай Шань, эгч Бао Бао хэдийн эх орондоо буцсан бөгөөд эцэг Тянь Тянь болон эх Мэй Шиань нь Вашингтоны үндэсний амьтны хүрээлэнд 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл үлдэх гэнэ.
Бэй Бэй панда 2015 оны наймдугаар сард төрсөн бөгөөд түүнд нэр хайрлах арга хэмжээ АНУ-ын тухайн үеийн тэргүүн хатагтай Мишель Обама, Хятад улсын тэргүүн хатагтай Пенг Лиюань нарын оролцоотой ёслол төгөлдөр болж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )