БНХАУ-ын эрх баригчид панда хулсны баавгайг устаж үгүй болох аюултай ангиллаас гаргаж, эмзэг төрлийн ангилалд оруулсан тухай тус улсын Экологи, байгаль орчны яамны төлөөлөгч Цуй Гухун баасан гарагт мэдээлжээ.
Зэрлэг байгаль дахь панда баавгайн тоо толгой 1.8 мянга хүрсэн нь тэдний амьдрах орчин сайжирч, энэ төрлийг хойч үедээ авч үлдэх гэсэн Хятадын хүчин чармайлт амжилтад хүрснийг илтгэж байна гэж Цуй Шухун онцолжээ.
Хамгийн сүүлд Хятадын экологичид 2013 онд панда баавгайн тооллого явуулахад зэрлэг байгальд нийт 1864 хулсны баавгай тоологджээ. 2003 онд явуулсан тооллогоор нийт 1596 панда байжээ. Тэдний ихэнх нь Сычуань, Шанси, Ганьсу мужийн ойд амьдардаг байна.
2016 онд Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN ) өхөөрдөм баавгайг устаж буй төрөл зүйлийн ангиллаас хасаж, эмзэг төрөл зүйлийг ангилалд багтаажээ. Тухайн үед Хятадын эрх баригчид панда баавгайг устаж үгүй болох аюултай төрөл зүйлийн ангиллаас гаргах эрт байна гэж мэдэгдэж байсан юм.
Гэсэн хэдий ч энэ төрөл зүйлд урт хугацааны аюул заналхийлж байна гэж IUCN мэдэгджээ. Учир нь ирэх 80 жилд уур амьсгалын өөрлөлтийн улмаас панда баавгайн амьдардаг хулсан ойн 35 хувь устаж үгүй болох эрсдэл бий гэж тус холбоо сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )