Калифорнид төвтэй “Shark Allies” аварга загас хамгаалах байгууллагын шинжээчдийн тооцоолсноор, КОВИД-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд зориулж 500 мянган аварга загасыг хөнөөж болзошгүй гэж тооцоолжээ.
“Telegraph” сонинд мэдээлснээр, коронавирусний эсрэг бүтээж буй зарим вакцины орцод сквален гэх бодис ордог бөгөөд үүнийг аварга загасны элэгнээс гаргаж авдаг байна. Одоогоор энэ бодисыг Британийн “GlaxoSmithKline” эмийн үйлдвэр томуугийн эсрэг вакцин үйлдвэрлэхэд ашигладаг байна. Өнгөрсөн тавдугаар сард тус үйлдвэр коронавирусний вакцинд ашиглах зорилгоор нэг тэрбум тун сквалены нэгдэл үйлдвэрлэхээр зорьж байгаа талаар мэдэгджээ.
“Shark Allies” байгууллагын шинжээчдийн тооцоолсноор, дэлхийн бүх хүнд коронавирусний эсрэг сквалены орцтой нэг тун вакцин хийхэд 250 мянга орчим аварга загасыг хөнөөх шаардлагатай бөгөөд нэг хүнд хоёр тун вакцин хийх шаардлагатай гэж тооцвол энэ тоо хоёр дахин нэмэгдэх юм.
Үүнтэй зэрэгцэн “GlaxoSmithKline” компанийн төлөөлөгч тус үйлдвэр байгаль орчныг хамгаалах зарчмыг баримталдаг гэж мэдэгдээд скваленыг орлуулж болох өөр түүхий эд судалж байна гэж онцолжээ.
Энэ оны долоодугаар сард Их Британийн Засгийн газар “GlaxoSmithKline” компани болон Францын “Sanofi” компанитай коронавирусний эсрэг 60 сая тун вакцин нийлүүлэх тухай гэрээ байгуулжээ. Эдгээр компани энэ оны сүүлч гэхэд вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )