ДЭМБ: Дэлхий дахинд 800 сая хүн халдвар авсан байж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

Дэлхийн хүн амын 10 хувь нь коронавирусний халдвар авсан байж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн салбарын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан Женев хотноо болсон ДЭМБ-ын тусгай хуралдаан дээр мэдэгджээ. Албан ёсны мэдээллээр, дэлхий дахинд халдвар авсан хүний батлагдсан тоо 35 сая гаруй байгаа ч бодит байдал дээр энэ тоо 800 сая орчим буюу арван хүн тутмын нэг нь халдвар авсан байх боломжтой гэж ДЭМБ үзэж байна. Тиймээс халдварын эрсдэл туйлын өндөр буйг ДЭМБ анхааруулжээ.

Тэрбээр ДЭМБ-ын энэхүү байр суурийг батлах мэдээлэл бий гээд халдварын муруй дэлхийн бөмбөрцгийн хойд тал болон Зүүн өмнөд Азид дахин өсөж байна гэж онцолсон байна. Харин Африк болон Номхон далайн баруун эргийн улс орнуудад нөхцөл байдал сайжирч байгаа аж.

ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус дэлхий дахинд бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоонд ялгаа бий гэж батлаад цар тахалд дэлхийн бүх орнууд өртөөд байгаа ч халдварын тархалт харилцан адилгүй байгааг хүлээн зөвшөөрчээ. Тухайлбал, дэлхий дахинд батлагдсан халдварын тохиолдол, нас баралтын 70 хувь нь арван оронд ногдож байгаа бол үүний тал хувь нь гурван улсад ногдож байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 35 702 089 хүн коронавирусний халдвар авснаас 1 045 955 хүн нас барж, 26 870 774 өвчтөн эдгэрээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top