АНУ-ын эрдэмтэд богино хугацаанд коронавирусээр дахин халдварласан анхны тохиолдлыг бүртгэжээ. Невада мужийн 25 настай залуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр болон тавдугаар сарын сүүлээр хоёр удаа халдварласан болох нь тогтоогдсон байна.
“Lancet” сэтгүүлд мэдээлснээр, халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин халдварлахгүй гэсэн 100 хувийн баталгаа байхгүй гэдгийг эрдэмтдийн явуулсан ажиглалтууд харуулжээ.
Невада мужийн их сургуулийн судлаач Марк Пандорийн хэлснээр, цар тахал дэгдсэнээс хойш эрдэмтэд хүний биед шинэ төрлийн коронавирусний эсрэг дархлаа удаан хугацаанд бий болдог эсэхийг судалж байна. Үүний хариулт вакцинжуулалтын стратегийг тодорхойлох, сүргийн дархлаа бий болох эсэхийг үнэлэхэд маш чухал юм. Судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл, байгалийн замаар сүргийн дархлаа бий болох боломж бараг үгүй гэнэ. Тэр бүү хэл коронавирус урт хугацаанд эсрэг биет үүсгэдэг эс бүрэлдэхэд саад учруулдаг болохыг Харвардын их сургуулийн эрдэмтэд саяхан тогтоосон байна. Энэ нээлт халдвар аваад эдгэрсэн хүмүүст үүссэн эсрэг биет хэр хурдан үгүй болдгийг судлахад хүргэжээ. Судалгаанаас үзвэл эсрэг биет халдвар авснаас хойш гурван сарын дараа цусны эргэлтээс алга болж эхэлдгийг одоогоор тогтоосон байна. Харин Пандори тэргүүтэй эрдэмтдийн хийсэн судалгаа эсрэг биет үүнээс ч богино хугацаанд алга болдог, зарим тохиолдолд огт үүсдэггүй болохыг харуулжээ.
Невада мужийн өвчтөн өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хөнгөн хэлбэрийн халдвар авч, дөрөвдүгээр сарын эхээр эдгэрчээ. Гэтэл тавдугаар сарын сүүлээр бие нь дахин тавгүйрхэж, эмнэлэгт хандахад коронавирусний халдвар авсан болох нь тогтоогджээ. Энэ удаад хүнд хэлбэрийн халдвар авсан байна. Өвчтөний халдварласан вирусний генийг судлахад, өөр болох нь тогтоогдсон байна. Энэ нь Хойд Америкт тивд богино хугацаанд дахин халдварласан анхны тохиолдол болж бүртгэгджээ.
Нидерланд улсад коронавирусээр дахин халдварлаж, нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Долоодугаар сард халдвар авч эдгэрсэн 89 настай эмэгтэйд хоёр сарын дараа дахин халдвар авчээ. Вирусний генийг судлахад өөр өөр болох нь тогтоогдсон байна.
Одоогоор дэлхий дахинд коронавирусээр дахин халдварласан нийт 23 тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн анхны тохиолдол Хонконгт гарчээ. Эдгээрийн 20 нь эдгэрээд байгаа бол хоёр нь эмчилгээ хийлгэж байна.
Сэтгэгдэл ( 0 )