ДЭМБ КОВИД-19-ийн эмчилгээнд үр дүнгүй эмийг нэрлэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

"Ремдесивир", "Гидроксихлорохин", "Лопинавир/Ритонавир" болон "Интерферон" эм КОВИД-19 халдвараас үүдэлтэй нас баралтыг бууруулахад үр дүнгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Тус байгууллагын зохион байгуулалт дор 30 гаруй улс оронд явуулсан “Solidarity” эмнэлзүйн судалгааны хүрээнд мэргэжилтнүүд эдгээр эм нас баралтын түвшин болон эмчилгээний хугацаанд хэрхэн нөлөөлж буйг судалжээ. Судалгааны дунд хугацааны дүн эдгээр эм нь нас баралтын түвшин болон эмчилгээний хугацаанд бараг үр нөлөө үзүүлдэггүй болох нь тогтоогдсон байна.

Үүнээс өмнө АНУ-ын “Gilead Sciences” компани өөрийн бүтээгдэхүүн болон “Ремдесивир” нь халдвар авсан өвчтөнүүдийн эдгэрэх хугацааг дөрөв хүртэл хоног болгон богиносгодог гэж мэдэгдэж байсан билээ. АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Израил, Их Британи, ОХУ зэрэг улс орон коронавирусний халдварын эмчилгээнд энэхүү эмийг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм. “Ремдесивир” эмийг анх гепатит С болон Амьсгалын синцитиал вирусний эмчилгээнд зориулан бүтээж байжээ. Энэхүү эмийг мөн Эбола вирусний эмчилгээнд зориулан туршигдаж байсан ч үр дүн өгөөгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top