Коронавирусний халдварын нөхцөл байдал ямар байна вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 17

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхийн дахинд коронавирусний халдвар авсан хүний нийт тоо 39 015 163-д хүрч, 1 099 469 хүн нас барж, 26 932 328 өвчтөн эдгэрээд байна.

Өнгөрсөн долоо хоногт нийт 2.4 сая халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт. Дэлхийн хүн амын 0.5 хувь нь халдвар аваад байна.

Одоогийн байдлаар дэлхий дахинд 8.6 сая идэвхтэй тохиолдол бүртгэгджээ. Эдгэрэлтийн түвшин гурав дахь долоо хоногоо 69 хувьтай байна. Хэдийгээр нас баралтын түвшин буурч, 2.8 хувьд хүрсэн ч өнгөрсөн долоо хоногт нийт 45 мянга орчим хүн халдварын улмаас эндсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм. Өнгөрсөн долоодугаар сарын дундуур нэг долоо хоногт 43 мянган хүн нас барсан нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв.

Дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нас баралтын тохиолдлын тэн хагасаас илүү хувь нь дөрвөн улсад бүртгэгджээ. Үүнд АНУ /218 мянга/, Бразил /153 мянга/, Энэтхэг /111 мянга/ болон Мексик /85 мянга/ орж байна. Нэг хоногт бүртгэгдэж буй нас баралтын түвшин АНУ болон Энэтхэг улсад хамгийн өндөр байна. Эдгээр улсад хоногт 700-800 халдвар авсан хүн эндэж байна.

Нэг хүнд ногдох нас баралтын түвшингээр Перу улс тэргүүлжээ. Энд 100 мянган хүнл 100 нас баралт оногдож байгаа бол Бельгид 89, Испани, Бразилд тус тус 72, 71 нас баралт оногдож байна.

Халдварын тохиолдлоор тэргүүлж буй АНУ, Энэтхэг, Бразилд нийт халдварын тохиолдлын тэн хагасаас илүү хувь нь бүртгэгджээ. Гэхдээ эдгээр улс оронд өвчлөл бүхэлдээ буурч байна.

АНУ-д халдвар авсан хүний тоо найман саяыг давж, хоногт 55-58 мянган шинэ тохиолдол илэрч байна. Долоодугаар сард өдөр бүр 70 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байв.

Энэтхэгт нийт 7.4 сая гаруй хүн халдвар авчээ. Хоногт батлагдаж буй шинэ тохиолдлын тоо 68 мянгаар нэмэгдэж буй нь дэлхий дээрх хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Өнгөрсөн есдүгээр сард халдварын шинэ тохиолдол өдөр бүр 100 мянгаар нэмэгдэж байв.

Бразилд нийт халдварын тохиолдол 5.1 саяд хүрээд байгаа бол нэг хоногт 20 мянгаар нэмэгдэж байна. Энэ нь зуны үзүүлэлттэй харьцуулахад гурав дахин их тоо юм. Өнгөрсөн долоо хоногт халдвар авсан хүний нийт тоо гурван хувиар нэмэгджээ.
Европ, Латин Америк, Ази тив цар тахлын голомт хэвээр байна. ДЭМБ-ын мэдээллээр, Европт нэг долоо хоногт 700 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгджээ. Франц улсад халдварын шинэ тохиолдол хоногт 19 хувиар нэмэгдэж байгаа бол Их Британид 20 хувьд хүрээд байна. Италид нөхцөл байдал мөн л хүндэрч байна. Нийт халдварын тохиолдол долоон хоногт 12 хувиар нэмэгдсэн бол хоногт долоо мянга орчим халдвар шинээр бүртгэгдэж байгаа нь өнгөрсөн хаврын үзүүлэлтээс өндөр байгаа юм.

Латин Америкт коронавирус Аргентин, Колумб улсад эрчимтэй тархаж байна. Эдгээр улсад халдвар авсан хүний тоо долоо хоногт 11 болон зургаан хувиар тус тус өсөөд байна.

Зүүн өмнөд Азид нөхцөл байдал хүнд хэвээр байна. Ялангуяа Индонез, Филиппин улсад халдварын тархалт долоо хоногт ес, таван хувиар тус тус нэмэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.60.114.164) 2020 оны 10 сарын 17

Хүмүүс талархах сэтгэлгүй бурхны бүтээсэн байгаль дэлхийд шуналаасаа болж хайр найргүй хандаж амьдарсаар байна.энэ дэлхийг бүтээсэн эзэнтэй бүтээлийг нь харахаар короногоор олон саяараа өвдөж үхэж байна хүн хүчин мөхөсдөж байна шуналтай их зантай хайрын сэтгэлгүй хүмүүс хорыг нь цаашдаа ч амсана.

0  |  0
Top