Есөн мич КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

АНУ-ын Сан Диегогийн амьтны хүрээлэнгийн дөрвөн орангутан, таван бонобо зэрэг есөн том мич коронавирусний эсрэг вакцин тариулсан дэлхий дээрх анхны мичнүүд болжээ.

Тэдний нэг 28 настай Карен гэх Суматрын орангутан 1994 онд зүрхний мэс засал хийлгэсэн мөн анхны мич болж байжээ. Есөн мич бүгд хоёр тун туршилтын вакцин хийлгэсэн байна. Энэхүү туршилтын вакциныг анх нохой, мууранд зориулж гарган авчээ.

Амьтны хүрээлэнгийн хэвлэлийн төлөөлөгч Дарла Дэвидийн хэлснээр, тэдэнд бүгдэд нь сөрөг үр нөлөө ажиглагдаагүй аж. Халдвар авах эрсдэлийг үнэлсний үндсэн дээр тэднийг сонгон авчээ.

Сан Диегогийн амьтны хүрээлэнгийн гориллад өнгөрсөн нэгдүгээр сард халдвар илэрч, хүнээс мичинд халдвар дамжсан анхны тохиолдол бүртгэгдэж байсан юм. Нийт найман гориллад халдвар илэрсэн бөгөөд одоогоор бүгд эмчлэгдэж байгаа гэнэ. Эдгээр гориллад вакцин хийгээгүй байна. Учир нь мэргэжилтнүүд тэдэнд эсрэг биет үүссэн гэж үзэж байгаа аж.

Амьтны хүрээлэнгийнхэн өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн зарим амьтдадаа вакцин хийлгэж эхэлжээ. Вакциныг амьтны эм бэлдмэл үйлдвэрлэгч “Zoetis” компани гарган авсан бөгөөд мичнүүдэд туршилт хийгээгүй байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гаф(202.9.47.9) 2021 оны 03 сарын 09

Манай саарал ордонд суудаг мичнүүдэд хэзээ вакцин хийж турших вэ?

0  |  0
Top