ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 20 улсад 20 сая тун вакцин олгов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 06

Энэ долоо хоногт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” олон улсын механизмын хүрээнд 20 улсад нийт 20 сая тун вакцин хүргүүлжээ. Ирэх долоо хоногт энэ хөтөлбөрийн хүрээнд 31 улсад 14 сая тун вакцин олгохоор төлөвлөж байна гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлжээ.

“COVAX” хөтөлбөрийн үйл ажиллагаа дэвшилттэй буй хэдий ч энэ хөтөлбөрийн хүрээнд олгож буй вакцины хэмжээ хангалтгүй хэвээр байгааг тэрбээр онцолсон байна. Эхний ээлжид тус механизмын хүрээнд олгох вакцины хэмжээ тухайн улсын хүн амын 2-3 хувийг вакцинжуулалтад хамруулахад хангалттай. Тиймээс ДЭМБ энэхүү хөтөлбөрийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байгаа гэнэ.

Гебрейесусийн хэлснээр, коронавирусний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, үүний тулд экспортын хориг зэрэг саадыг арилгах шаардлагатай байна.

Дэлхийн худалдааны байгууллага онцгой нөхцөлд оюуны өмчийн эрхийг хязгаарласан хэлэлцээрийг хүчин төгөлдөр болговол улс орнууд дотооддоо вакцин үйлдвэрлэх боломж бүрдэнэ гэж ДЭМБ үзэж байна.

ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөр нь коронавирусний эсрэг вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг бий болгох, вакцин худалдан авах ажиллагааг зохицуулах зорилготой. Хөтөлбөрийн нөхцөл ёсоор өндөр орлоготой улс орнууд хөгжиж буй орнуудын вакцин худалдан авалтын зардлыг даах үүрэг хүлээж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд дэлхийн нийт 92 улс хөнгөлөлттэй нөхцөлөөр вакцин авах юм.

Top