Израилд 12-16 насны 600 хүүхдэд “Pfizer/BioNtech” вакциныг туршилтын журмаар хийжээ.
Вакцин хийлгэсэн хүүхдүүдэд ноцтой сөрөг нөлөө гараагүй аж. Энэ нь вакцины эмнэлзүйн туршилт эхлэхээс өмнө бага насны хүүхдүүдэд аюулгүй болохыг харуулсан явдал боллоо гэж Израилийн Эрүүл мэндийн яамны вакцинжуулалтын албаны тэргүүн Боаз Лев “Guardian” хэвлэлд ярьжээ.
“Pfizer” компани 12-15 насны хүүхдүүдэд эмнэлзүйн туршилт хийж байгаа бөгөөд удахгүй 5-11 насныхныг хамруулахаар төлөвлөж байна. Окфсордын их сургууль “AstraZeneca” хамтран бүтээсэн вакцины эмнэлзүйн туршилтад зургаагаас дээш насны хүүхдүүдийг хамруулах тухай мөн зарлаад байна. Хүүхдүүд дээр хийх эмнэлзүйн туршилт хэдэн сар үргэлжлэх гэнэ.
Израилийн хүн амын тавиас илүү хувь нь вакцины эхний тунг хийлгээд байгаа ба ойрын өдрүүдэд хүн амын 60 хувиа бүрэн вакцинжуулахаар ажиллаж байна. Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху дөрөвдүгээр сарын эхээр насанд хүрсэн хүн амаа бүрэн вакцинжуулж дуусна гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, холбогдох байгууллагууд хүүхдүүдэд зориулсан вакциныг дөрөв эсвэл тавдугаар сард хэрэглэх зөвшөөрөл олговол даруй вакцинжуулалтыг эхлүүлэх гэнэ.
Өнгөрсөн сард Израилд явуулсан судалгаанаас үзвэл эцэг эхчүүдийн 41 хувь нь хүүхдүүдээ вакцинд хамруулна гэсэн бол “Rushinek” судалгааны хүрээлэнгээс явуулсан судалгаагаар эцэг эхчүүдийн 29 хувь 6-15 насны хүүхдүүддээ вакцин хийлгүүлэхгүй гэдгээ илэрхийлжээ.