Оксфордын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан “AstraZeneca” вакциныг Европын дийлэнх оронд тодорхойгүй хугацаагаар хориглосон билээ. Тус вакцин нь цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй тохиолдлууд гарсан талаар гаднын хэвлэлүүд мэдээлж буй. “AstraZeneca” вакциныг аюулгүй гэж байгаа ч энэ вакцинаас болж хохирол учирсан гэж мэргэжилтнүүд үзсэн юм.
Тэгвэл энэ бүх маргааныг эцэслэж, Европын эмийн агентлагаас (ЕМА) “AstraZeneca” вакцины талаар албан ёсоор мэдээлэл хийлээ.
“AstraZeneca” вакциныг цус өтгөрүүлдэг байж болзошгүй гэх мэдээлэл гарсан үеэс дэлхий нийтээр энэ вакцинаас болгоомжилж эхэлсэн байв.
Энэ удаа Европын эмийн агентлагийн (EMA) Гүйцэтгэх захирал Эмер Күүк энэ талаар “Шинжлэх ухааны тодорхой дүгнэлт хийсэн. “AstraZeneca” вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй вакцин юм” гэж мэдэгдлээ. Түүний хэлснээр ажлын хэсгийнхэн “AstraZeneca” вакцин цус өтгөрөлт үүсгэдэг болохыг олж тогтоогоогүй аж. Харин "Ховор тохиолдох цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болохыг үгүйсгэх аргагүй" гэжээ. Хэдэн сая вакцин хэрэглэснээс долоод нь л ийм тохиолдол бүртгэгдсэн байна.
“AstraZeneca” вакцины үр дүн эрсдлээс давсан гэж Европын эмийн агентлаг онцолжээ. Тэд “AstraZeneca” вакцин цус бүлэгнэх эмгэг, энэ эмгэг үүсэх эрсдэл зэрэгт холбоогүй гэж дүгнэснийг Эмер Күүк онцгойлон тэмдэглэв. Тэрбээр мөн “Бидний шинжлэх ухааны байр суурь ийм байна гэдгийг дахин хэлмээр байна. Энэ вакцин нь хүмүүсийг Ковид-19-өөс хамгаалах аюулгүй бөгөөд үр дүнтэй сонголт” гэж мэдэгдлээ.
“AstraZeneca” вакцинаас болж хүн нас барж, хүндрэл үүсч байна гэсэн мэдээлэл хэд хэд гарсан ч зарим шинжээч үүнийг улстөржилт гэж дүгнэж буй. Дээрх болгоомжлолын дараа тус вакциныг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа хэд хэдэн улс бий. Үүний нэг нь 11 сая гаруй хүндээ “AstraZeneca” тарьсан Их Британи юм. Тус улс “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хийгээд зогсохгүй уг вакцин нь халдварыг бууруулж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөний тоог багасгаж байгааг мэдэгдсэн билээ.
Судлаач, мэргэжилтнүүдийн дүгнэснээр уг вакцины дараа цусны бүлэгнэл үүсэх эрсдэл нь вакцин хийлгэхгүйгээр коронавирусний халдвараар өвчлөх эрсдэлээс харьцангуй бага аж.
Их Британи-Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран гаргаж авсан тус вакциныг дэлхий даяар өргөнөөр хэрэглэглэж байгаа билээ.
Сэтгэгдэл ( 0 )