Хятадын Зэвсэгт хүчин Тайванийн ойролцоо сургуулилт хийв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

БНХАУ-ын Зэвсэгт хүчин Тайвань арлаас зүүн болон баруун өмнөд орчмын усан болон агаарын орон зайд цэргийн сургуулилт хийсэн тухай Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн цэргийн командлал мэдээлжээ.

Тавдугаар сарын 6-8-ны хооронд болсон сургуулилтыг хамтарсан ажиллагааны үед бүх төрлийн хүчний цэргийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

Өнөөдөр өглөө /2022.05.09/ Хятадын хоёр хөлөг онгоц Сенкакү арлууд орчим Японы усан хилийн бүсэд орсон тухай NHK мэдээлжээ. Хятадын хөлөг онгоцнууд Японы загасчдын завинд ойртохыг завдсан байна. Тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс Японы тал харуулын онгоцнуудаа илгээж, Японы усан хийлийн бүсээс гарахыг уриалжээ.

Сенкакү арлууд /Хятад нэршил нь Дяоюйдао/ нь Хятад, Японы хооронд газар нутгийн маргаан дэгдээгээд байгаа юм. Токио тус арлууд нь 1895 оноос хойш Японы эзэмшилд байсан гэдэг бол Бээжин 1783 болон 1785 оны Японы газрын зураг дээр эдгээр арлыг Хятадын нутаг дэвсгэр гэж тэмдэглэсэн байдаг гэж сануулдаг. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Сенкакү АНУ-ын хяналтад байсан бөгөөд 1972 онд Японы талд шилжүүлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол (66.181.160.107) 2022 оны 05 сарын 09

Маш зөв

0  |  0
Top