АНУ-ын батлан хамгаалах яам тус улсад суралцаж буй Саудын Арабын сонсогчдын шуурхай бэлтгэлийг тодорхойгүй хугацаагаар зогсоож буйгаа мэдэгдлээ. АНУ-ын Флорида муж дахь Пенсакола тэнгисийн цэргийн хүчний бааз дээр гарсан халдлагатай холбогдуулан ийм шийдвэр гаргажээ.
Пентагоны дэд тэргүүн Дэвид Норвистын мэдэгдсэнээр, цэргийн сургалтад хамрагдаж буй Саудын Арабын 852 сонсогчдод энэхүү шийдвэр хамаатай бөгөөд тэд зөвхөн хэлний болон танхимын сургалтад оролцож болох аж. Аюулгүй байдлын нөхцөлийг шалгах арга хэмжээний хүрээнд энэхүү алхмыг хийж байгаа бөгөөд цаашид тус улсад цэргийн сургалтад хамрагдаж буй гаднын 5.1 мянган сонсогчдод хамаарах гэнэ. Норквист цэргийн алба хаагчдад гаднын оюутнуудыг Америкийн цэргийн баазад нэвтрүүлэх, шалгах ажлыг 10 хоногийн дотор гүйцэтгэхийг үүрэг болгосон байна.
Өнгөрсөн баасан гарагт Флорида дахь цэргийн баазад гарсан буудалцааны үеэр дөрвөн хүн амь үрэгдэж, найман хүн шархадсан билээ. Гал нээсэн этгээд нь цэргийн баазад сургалтад хамрагдаж асан Саудын Арабын цэргийн алба хаагч Мохаммед Саид аль-Шамрани гэгч байсан юм. Энэ хэргийг одоогоор шалгаж байгаа бөгөөд халдлага үйлдэхээсээ өмнө гэмт этгээд нутаг нэгт сонсогчдод зориулж үдэшлэг зохион байгуулж, олон хүн рүү гал нээж буй дүрс бичлэгийг үзүүлж байжээ. Буудалцааны үеэр аль-Шамранигийн нэгэн найз нь бичлэг хийж, Саудын Арабын хоёр сонсогч машинаас ажиглаж байсан гэх мэдээлэл гарсан ч Холбооны мөрдөх товчооны тусгай ажилтан энэ мэдээлэлд тайлбар хийхээс татгалзсан юм.
Сэтгэгдэл ( 0 )