ЭМЯ: Өвчний голомттой газраас тахиа, гахайны мах ИМПОРТЛОХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

ЭМЯ-наас коронавирусийн халдвар, БНХАУ-д дэгдээд буй шувууны томуу өвчний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ, ХӨСҮТ, ДЭМБ, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн төлөөлөл оролцож, холбогдох мэдээллийг өглөө. 


Мэдээллийн эхэнд ЭМЯ-наас коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй, шинжилгээний хариунууд сөрөг гарсан гэдгийг онцоллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 31436 тохиолдол бүртгэгдэж, 636 хүн нас бараад байна. ДЭМБ-аас шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болсон байна” гэлээ.

Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шинэ коронавирус болон H5N1 вирусээр үүсгэгдэж буй шувууны томуунаас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах “Шинэ төрлийн коронавирус болон шувууны томуу нь хоёулаа мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар. Ийм учраас ЗӨСҮТ нь хуулийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр зөвлөгөө өгч ажиллалаа. Эрүүл мэндийн байгууллагын нийт 3000 гаруй хүнд сургалт явуулсан. Мөн 21 аймгийн эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж ажиллаж байна.

Иргэд рүү чиглэсэн мэргэжил арга зүйн зөвлөгөөнүүдийг өгч ажиллаж байгаа. Халдвар тархах эрсдэлээс сэргийлэх чиглэлд ажиллаж байна. Цаашид нийслэлийн аж ахуй нэгжүүдэд ариутгал, цэвэрлэгээг хийх ажлыг зохион байгуулна. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл 860 гаруй тохиолдол  гарч, дэлхийн 17 оронд бүртгэгдсэн. Шувууны томуу өвчнөөс сэргийлэхийн тулд тахиа, гахайны мах, махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй.

Монгол Улсад шувууны томуу өвчин гарч байгаагүй. Гэхдээ зэрлэг шувуу Монгол орноор дайран өнгөрөх, түүнээс халдварлах эрсдэл байгаа учраас анхаарах хэрэгтэй” гэлээ.

Мөн өвчний голомттой газраас тахиа, гахайг амьдаар нь болон махыг нь импортлохыг хориглосон байна.

Томуу, томуу төст өвчин, коронавирусийн халдвартай холбоотойгоор нийслэлийн байнгын ажиллагаатай найман постод эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагийн турш ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийн ажиллаж эхэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top