Насанд хүрэгсдэд коронавирусний дараах үрэвслийн хам шинж илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 04

АНУ-ын эрдэмтэд өмнө нь коронавирусээр халдварлаж, эдгэрсэн хүүхдүүдэд ажиглагдаж байсан үрэвслийн хам шинж насанд хүрсэн өвчтөнүүдэд илэрч буйг анхааруулжээ. Үүнээс өмнө Их Британийн эмч нар коронавирусний дараах үрэвслийн хам шинжийг олон тооны хүүхдүүдэд илэрсэн тухай мэдэгдэж байсан юм.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, үрэвслийн хам шинж нь арьсан дээр тууралт гарах, хэлний гадаргуу улайх, үе мөч хавагнах, артерийн судасны цүлхэн үүсэх зэрэг  бие организмын хэвийн үйл ажиллагаа урт хугацаанд алдагдах шинж тэмдгээр илэрчээ. Зарим хүүхдүүдэд зүрхний ажиллагаа алдагдах, хоол боловсруулах тогтолцооны хэвийн байдал алдагдах зэрэг шинж тэмдэг ажиглагдаж байжээ.

Америкийн эрдэмтдийн судалгаанд 21-50 насны 16 өвчтөн оролцжээ. Эдгээр өвчтөнд бүгдэд нь зүрхний үйл ажиллагаа алдагдах шинж тэмдэг илэрсэн бол 13-т нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа алдагдаж, тавынх нь арьсан дээр тууралт гарч, 12-т нь өндөр халуурах шинж тэмдэг ажиглагджээ.

Үрэвслийн хам шинж халдвар авснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дараа илэрсэн байна. Энэхүү судалгаанд оролцсон хоёр өвчтөн эндсэн ба нэгэнд нь ямар нэгэн хүндрэл ажиглагдаагүй байжээ.

www.worldometers.info сайтад мэдээлснээр, дэлхий дахинд нийт 35 132 563 хүн халдвар авснаас 1 037 961 хүн нас барж, 26 123 267 өвчтөн эдгэрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(31.165.231.3) 2020 оны 10 сарын 06

mongoliin edgesen hymyys oorsdiinhoo turshlagaas bas bichij baival...hymyyst zovlomj sanaa boloh baihdaa

1  |  0
Top