ОХУ-ын Холбооны монополийн зөвлөлөөс коронавирусний эсрэг тус улсын хөгжүүлж буй “Спутник V” вакцины үнэ тун тутамдаа 1000 рубль буюу 13 ам.доллароос хэтрэхгүй гэж мэдээллээ.
Хэдийгээр баруун европын улсуудтай харьцуулахад хямд үнэ мэт боловч ОХУ-ын Холбооны монополийн зөвлөл 13 ам.долларыг ч өндөр үнэ гэж үзэж байна.
“Бид мэдээж хэрэг зах зээлийн үнэлгээ өндөр байгааг ойлгож байгаа. Тэд яагаад үнээ өндөр тогтоож байна гэвэл харьцангуй цөөн тоогоор үйлдвэрлэж байгаатай холбоотой” гэж ОХУ-ын Холбооны монополийн зөвлөлийн тэргүүн Игорь Артемьев ярьжээ.
ОХУ-аас бусад улс вакцины үнийг харьцангуй өндөр тооцож байна. Өнгөрсөн наймдугаар сард АНУ-ын биотехнологийн Moderna компанийн хөгжүүлж буй вакцины дундаж үнэ тун тутамдаа 32-37 ам.доллар байхаар тооцсон. Харин Pfizer компани 20 ам.доллар гэж тооцоод байна.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр 13 ам.доллар бол байж болох хамгийн өндөр үнэ гэдгийг дурдаад энэ сарын сүүлээр “Спутник V” вакцин бэлэн болно гэж мэдэгджээ.
Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэхдээ олон сая тун үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага байгаа учраас үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх ёстой гэдгийг онцолсон юм.
ОХУ-ын засаг захиргаа наймдугаар сарын 11-нд дэлхийн улс гүрнүүдээс анх удаа коронавирусний эсрэг вакциныг бүртгэсэн. “Спутник V” гэж нэрлэсэн уг вакцины сүүлийн шатны туршилтад 40 гаруй мянган иргэн сайн дураараа хамрагдсан билээ.
Эх суралж: RT