Коронавирусний халдвар авснаас хойш хараа нь огцом муудсан эмэгтэйн нүдний эсэд коронавирусний уургийн бүрхэвчийн бичил хэсгүүд их хэмжээгээр илэрчээ.
“JAMA Ophthalmology” сэтгүүлд бичсэнээр, коронавирусний цар тахал дэгдсэн анхны өдрүүдэд эмч нар “SARS-CoV-2” вирус зөвхөн уушгины эс төдийгүй хамар, багалзуур, судас, зүрх болон бусад эд эрхтний эсийг гэмтээдэг болохыг тогтоосон. Энэ нь халдвар авсан хүмүүсийн амьсгалын замын эрхтний үйл ажиллагаа алдагдахаас гадна үнэрлэх чадвар нь алдагддаг болохыг тайлбарлаж байна. Хятадын Ухань дахь Гуанжоугийн цэргийн тойргийн төв эмнэлгийн эрдэм шинжилгээний ажилтан Сяо Чэнь тэргүүтэй нүдний эмч нарын баг коронавирусний халдварын шинэ замыг нээжээ. 64 настай нэгэн эмэгтэй хөнгөн хэлбэрийн халдвар авч, хоёр долоо хоногийн дараа эмнэлгээс гарснаас хойш өвчтөний зүүн нүд хүчтэй өвдөж, хараа нь муудаж эхэлсэн байна. Эмэгтэйг дахин эмнэлэгт хэвтүүлэхэд эмч нар түүнд нүдний хэт өндөр даралт гэсэн онош тавьжээ. Үүнээс гадна өвчтөнд нүдний эвэрлэг бүрхэвч хавагнах, болор цайх болон нүдний эс ноцтой гэмтэх шинж тэмдэг илэрчээ. Эмч нар түүнд нүдний даралттай өвчтөнд хийдэг мэс засал хийж, хараа нь огцом муудсан шалтгааныг тогтоох зорилгоор нарийн шинжилгээ авчээ. Гэтэл эмэгтэйн нүдний эсэд үл мэдэгдэх гаралтай бичил эд их хэмжээгээр илэрсэн байна. Эл бичил эдийг нарийн судалсны эцэст “SARS-CoV-2” вирусний уургийн бүрхэвчийн хэсгүүд болохыг тогтоожээ. Гэтэл тус өвчтөний биеийн бусад хэсэгт коронавирус илрээгүй байна.
Цаашид ийм төрлийн туршилтыг амьтан дээр хийснээр коронавирус хэрхэн нүдний эсэд нэвтэрдэг, ийм шинж тэмдэг хэр түгээмэл байдаг, нүдний эсээс коронавирус уушги болон бусад эд эрхтэнд дамждаг эсэхийг тогтоох боломжтой болно гэж судлаачид найдаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Трампын нүд яасан бол?