Их Британид сайн дурынхныг санаатайгаар КОВИД-19-өөр халдварлуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 21

 

Их Британид туршилтын хүрээнд сайн дурын хэсэг хүнийг санаатайгаар коронавирусээр халдварлуулна гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.

Их Британийн Засгийн газар “Open Orphan Plc” эмийн үйлдвэрийн компанитай КОВИД-19-ийн эсрэг вакцин боловсруулах явцыг түргэтгэх зорилго бүхий “Human Challenge” хөтөлбөр хэрэгжүүлэх тухай гэрээ байгуулжээ. Туршилтын хүрээнд сайн дурын хүмүүсийг коронавирусээр халдварлуулж, хүнд SARS-CoV-2 халдвар авахад шаардлагатай вирусний хамгийн доод "тунг" тогтоох гэнэ. Туршилтад оролцогчдын биеийн байдлын анхааралтай ажиглах ба хүнд хэлбэрээр өвчлөх эрсдэлтэй хүмүүсийг туршилтад оруулахгүй аж.

“Open Orphan Plc” компанийн мэдэгдсэнээр, энэ судалгаа бусад төрлийн судалгаанаас онцлог. Учир нь ийм төрлийн туршилтыг зөвхөн үр дүн нь батлагдсан эмчилгээний аргыг боловсруулсан тохиолдолд сайн дурын үндсэн дээр хүмүүс дээр хийдэг байна. Энэхүү хөтөлбөр ёс зүйн  хувьд асуудалтай гэдгийг тус компани хүлээн зөвшөөрчээ.

Коронавирусний эсрэг вакцин боловсруулж буй “Pfizer Inc.” болон “AstraZeneca” компаниуд ийм төрлийн туршилтад оролцохгүй гэж мэдэгдсэн бол “Johnson & Johnson” энэхүү туршилтаас болгоомжилж буйгаа илэрхийлжээ.

Туршилтад зориулан 43 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Лондон дахь Хатан хааны үнэгүй эмнэлгийн судалгааны тусгай тасагт хийхээр зэхэж байна. Зарим судлаачид энэхүү туршилт нь дархлаа, вакцины үйлчилгээний талаарх мэдлэгийг өргөжүүлж, хүн коронавирусээр дахин халдварлах эрсдэлийг бодитоор үнэлэх зэрэг эрдэмтдийн хувьд ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top