Испани улс коронавирусний халдварын нийт тохиолдол нь нэг саяд хүрсэн Европын анхны улс болжээ. Тус улсад нэг хоногийн дотор 16 мянга гаруй шинэ тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 1 005 295-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Испанид хамгийн анхны халдварын тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 31-нд Канарын арлуудын Ла Гомера арал дээр бүртгэгдэж байжээ.
47 сая орчим хүн амтай Испани улс халдварын нийт тоогоор АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ, Аргентины дараа дэлхийд зургаад бичигдлээ. Коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаа өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард ид хүчээ аваад байсан нэгдүгээр давлагааг бодвол илүү үхэл дагуулж байна гэж тус улсын мэргэжилтнүүд анхааруулахтай зэрэгцэн Испанийн Эрүүл мэндийн сайд Сальвадор Илла шөнийн цагаар хөл хорио тогтоох зэрэг шинэ арга хэмжээний талаар тус улсын Засгийн газар хэлэлцэж байна гэж мэдэгджээ.
Цар тахалд хамгийн хүчтэй нэрвэгдсэн улсын нэг болох Испани хорио цээрийн хатуу арга хэмжээ авсны үрээр халдварын тархалтыг багасгаж чадсан. Гэвч хорио цээрийн дэглэмийг өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээр бүрэн цуцалснаар халдварын тархалт огцом нэмэгджээ. Мадрид болон хэд хэдэн дагуул хотод хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байгаа бол Каталон зэрэг баян мужуудад бүх ресторан, барыг 15 хоногийн хугацаанд хаагаад байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд нийт 40 965 426 хүн халдвар авснаас 1 127 596 хүн нас барж, 27 961 678 өвчтөн эдгэрээд байна. АНУ-д 8 330 484 /нас баралт 221 990/, Энэтхэгт 7 651 107 /нас баралт 115 914/, Бразилд 5 273 954 /нас баралт 154 837/, ОХУ-д 1 438 219 /нас баралт 24 786/, Аргентинд 1 018 999 /нас баралт 27 100/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )