КОВИД-19: Тав хоногт халдварын шинэ тохиолдол 400 мянгаар нэмэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 27

Дэлхий дахинд шинэ төрлийн коронавирусний халдварын шинэ тохиолдол сүүлийн таван өдөр дараалан хоногт 400 мянга гаруйгаар нэмэгдэж байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд хамгийн удаан үргэлжилж буй халдварын тархалтын идэвхтэй өсөлт болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий дахинд халдвар авсан хүний тоо 43 776 586-д хүрснээс 1 164 515 хүн нас барж, 32 179 652 өвчтөн эдгэрээд байна. Сүүлийн нэг хоногт халдварын шинэ тохиолдол 435 528-аар өссөн бол энэ сарын 22-нд 442 890, 23-нд 460 538, 24-нд 478 700, 25-нд 441 268 хүн тус тус шинээр халдвар авчээ. Өнөөг хүртэл шинэ тохиолдол 400 мянгаас давж, гурван өдөр дараалан өссөн нь хамгийн урт хугацаагаар бүртгэгдэж байв. Энэ нь энэ сарын 16-нд 401 319, 17-нд 412 756 болон 18-нд 409 589 тохиолдлоор нэмэгдэж байжээ.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д 8 962 783 /нас баралт 231 045/, Энэтхэгт 7 945 888 /нас баралт 119 635/, Бразилд 5 411 550  /нас баралт 157 451/, ОХУ-д 1 531 224  /нас баралт 26 269/, Францад 1 165 278  /нас баралт 35 018/, Испанид 1 156 498 /нас баралт 35 031/, Аргентинд 1 102 301  /нас баралт 29 031/, Колумб улсад 1 025 052  /нас баралт 30 348/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top