Коронавирусний халдварын эсрэг эхний үеийн вакцин зөвхөн түр хугацаанд үйлчлэх эсвэл зарим хүмүүст үр дүн өгөхгүй байх боломжтой гэж Их Британийн Засгийн газрын вакцины асуудал хариуцсан ажлын хэсгийн тэргүүн Кейт Бингем “The Lancet” сэтгүүлд нийтэлсэн нийтлэлдээ онцолжээ.
Эхэн үеийн вакцин төгс бус байх магадлал бий бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэхгүй, харин шинж тэмдгийг нь сулруулна гэдэгт бэлэн байх ёстой гэж Бингем онцлоод ингэхдээ энэ үйлчилгээ нь хүн бүрд, удаан хугацаанд үр дүн үзүүлэхгүй байх боломжтой гэж хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрбээр Их Британид вакцин гаргаж авна гэсэн бүрэн итгэл байхгүй тул энэхүү бэлдмэлд хэт их найдвар тавих шаардлагагүй гэж мэдэгджээ.
Энэ сарын 21-нд Британийн халдвар судлаач Жон Эдмундс энэ оны сүүлээр Британийн иргэдэд вакцин очих боломжтой гэж мэдэгдэж байв.
Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компани Оксфордын их сургуультай хамтран бүтээсэн вакцины эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилт өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр АНУ-д эхэлсэн. Гэвч нэг сарын дараа буюу есдүгээр сард вакцинжуулалтад хамрагдсан сайн дурын оролцогчийн эрүүл мэндэд асуудал гарсан тул түр хугацаанд зогсоож байсан билээ. Бразилд явуулсан туршилтын явцад мөн нэг оролцогч нас барсан тохиолдол гарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )