Данийн эрх баригчид мутацад орсон коронавирусний тээгч байж болзошгүй гэж сэрэмжлэн 15 сая гаруй булгыг устгахаар шийдлээ гэж тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгджээ.
Тус улсад мутацад орсон коронавирусийг 12 хүнд илрүүлээд байна. Эл вирусний онцлог нь эсрэг биет үүсгэх чадварыг сулруулдаг байна. Ингэснээр КОВИД-19-ийн эсрэг вакцин хэрэглэхэд хүндрэл үүсгэж болзошгүй гэж судлаачид үзэж байна. Тиймээс мутацад орсон вирус тээгч болох булга хүнд халдвар тараах эрсдэлтэй гэнэ. “Та бүхэн үеэс үе дамжин ирсэн бизнесээ алдаж байна. Энэ бол миний болон энэ салбарт ажилладаг бүх хүний хувьд хар өдөр болж байна. Засгийн газар үүнийг ойлгож байгаа” гэж Меттер Фредериксен онцолжээ. Түүний мэдэгдсэнээр, коронавирусний халдвар булга үржүүлдэг 207 фермийн аж ахуйд илрээд байгаа ба 67 нь бүх амьтнаа устгуулсан бол 23 аж ахуйн хувь заяа тодорхойгүй байна. Булга устгалын ажилд Данийн Зэвсэгт хүчин болон Онцгой байдлын агентлаг туслалцаа үзүүлэх гэнэ. Нийт 15 сая булга устгахад зориулж тус улсын Засгийн газар 785 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд фермерүүдэд нөхөн төлбөр олгох аж.
Дани нь жилд 17 сая булгын арьс үйлдвэрлэдэг дэлхий дээрх хамгийн том нийлүүлэгч улс. Данийн 1500 фермерийн аж ахуй дэлхийн булгын арьс үйлдвэрлэлийн 40 хувийг бүрдүүлдэг байна. Ихэнх бүтээгдэхүүнээ БНХАУ, Хонконгт нийлүүлдэг.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Данид нийт 50530 хүн халдвар авснаас 729 нь нас баржээ.
Сэтгэгдэл ( 2 )
Oor arga bgvi gej vv.dendvv hargis yum aa
haramsaltai yuma