КОВИД-19 | Халдварласан таван хүн тутмын нэг нь СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ болдог

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 10

Их Британийн Оксфордын их сургууль, тус сургуулийн дэргэдэх Анагаахын судалгааны төв коронавирусээр өвчилсөн таван хүн тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй болдгийг тогтоожээ.

Тухайн өвчтөн коронавирустэй гэдгээ мэдмэгц нийгмээс тусгаарлах, сэтгэцийн хямралд өртдөг бөгөөд энэ нь эмчлэгдэхэд багагүй хугацаа шаардах болохыг тогтоосон байна.

Өвчтөний сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэндийн түвшнээс шалтгаалаад зарим тохиолдолд амиа хорлолтоор төгсөх аюултай байгааг эрдэмтэд анхаарууллаа.

“Өмнө нь энэ тухай яг таг тогтоож байгаагүй тул бид судалгаагаа үргэлжлүүлж байна. Хэрэв клиник туршилтаар сэтгэцийн эмгэг үүсгэж байгааг тогтоовол “ковид-19”-ийн эрсдэлдт хүчин зүйлийн жагсаалтад нэмэгдэх болно” гэж Оксфордын их сургуулийн дэргэдэх Анагаахын судалгааны төвийн эрдэмтэн, судалгааны ахлагч доктор Макс Такьет ярьжээ.

Дээрх судалгааг АНУ-ын анагаахын судалгааны тайлан мэдээ, коронавирусээр оношлогдсон 62 мянган иргэнд хийсэн байна.

Судалгаанд хамрагдсан 62 мянган өвчтөний 18.1 хувь нь онош сонссоноос хойш 14-90 хоногт сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болжээ. Түүнчлэн 5.8 хувь нь анх удаагаа сэтгэгцийн эмгэгтэй гэж оношлогдсон хүмүүс эзэлж байгаа аж.

Дээрх тоо нь мэргэжилтнүүдийн санааг ихээхэн зовоож байна.

Судалгаанаас харахад нийгэм, эдийн засгийн түвшин тааруу, хөдөлмөрийн нөхцөл хүнд өвчтөнүүд сэтгэцийн эмгэгт өртөх нь элбэг байжээ.

Оксфордын их сургууль коронавирус хүний сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг талаарх судалгааны ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд нэгдсэн дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлнэ.


Эх сурвалж: The Guardian

 

Top