Улсын онцгой комиссын цаг үеийн нөхцөл байдлын хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан халдвар тээгчийн эхний хавьтал болсон 24 хүнийг тусгаарласан бөгөөд хоёр цагийн дараа шинжилгээний хариу гарна гэж мэдээллээ.
“Аравдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт PCR шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ өгсөн. Ингээд тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн. Одоогийн байдлаар 24 хавьтагчийг тогтоогоод ХӨСҮТ-д тусгаарлан, эхний шинжилгээг аваад байна. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярилаа.
Коронавируст халдвар дотоодод дэгдсэн учраас цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Эрүүл мэндийн байгууллагууд авах арга хэмжээгээ авч байгааг Улсын онцгой комисс онцолж байна.