Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Монгол Улс нутаг дэвсгэр дээрээсээ халдвар илрүүлж, Улаанбаатар хотын хэмжээнд тандалт судалгаа хийхээр гурав хоногийн хугацаанд хотоос гарах, орох тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг зогсоосныг дахин мэдэгдэв.
Гэхдээ орон нутаг руу шатахуун тээвэрлэх, эмнэлэг үйлчилгээний ажил, оршуулга, буяны үйл ажиллагаа зэрэг хүн амын амьжиргааны эх үүсвэрт нөлөөлөх зүйлд тодорхой тандалт, хязгаарлалтын дагуу нэвтрүүлж байгаа аж.
Баталгаат бүх замууд дээр цагдаа, мэргэжлийн хяналтынхан ажиллаж байна. Олон талын эрсдэлийг бага гэлтгүй үнэлж, тооцож, судалснаар аюулыг эрсдэл багатай давна гэлээ.
Иймээс иргэд та бүхэн бие биедээ буруу мэдээлэл түгээхгүй, тайван амгалан байгаарай.
Түүнчлэн ХӨСҮТ-д 250 ор, Цэргийн төв эмнэлэгт 500 ор, Яармагт баригдсан хүүхдийн эмнэлэгт 300 ор бэлтгэж байгаа талаар УОК мэдээллээ.
Хамгаалалтын хувцас хэрэглэлийн хувьд манай улс гурван сарын нөөцтэй байгаа бөгөөд улсдаа чанартай үйлдвэрлэж байна.
Хүнсний хангамж хэвийн байгаа учир зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг УОК анхаарууллаа.