Т.Мөнхсайхан: Сэлэнгэд илэрсэн иргэн ТИР машины жолоочийн халдвартай холбоогүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 12

Улсын онцгой комисс коронавируст цар тахал, Бүх нийтийн бэлэн байдлын талаар мэдээлэл хийх үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт халдвар илэрсэн тухай мэдээллээ.

Сэлэнгэ аймгийн харьяат 74 настай эмэгтэйгээс хоёр удаа шинжилгээ авахад халдвар илэрсэн байна. Өөрийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шинжлүүлсэн дээрх эмэгтэйг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү авчирч, давтан шинжилгээнд оруулахаар болжээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ тохиолдлыг анх илэрсэн ТИР машины тохиолдлоос өөр замаар халдварласан байж болзошгүй гэж мэдээллээ.

“Сэлэнгэ аймгаас илэрсэн 74 настай эмэгтэйн хувьд энэ сарын 06-наас эхэлж шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар эмнэлэгт хандахад халдвар илэрсэн. Эхний тохиолдол болох ТИР машины жолоочийн халдвартай холбоогүй шууд болон дам хавьтлын тохиолдол биш байна. Ямар нэгэн байдлаар эхний халдвартай холбоогүй байх магадлалтай гэж үзэн ажиллаж байна” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярьсан юм.  

Ийнхүү зөвхөн Улаанбаатар хотод бүртгэгдээд байсан дотоодын халдвар нийслэл хотоос гадна Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ. 

Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэм сайн сахиж, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагана уу!

 

 

Top