Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас "Ковид-19"-ын талаар ээлжит мэдээллийг өгч байна. (2020.11.14-ны 11:00 цагийн байдлаар)
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-КОВИД 19 нь 218 улс орон, бүс нутагт тархаж, нийт 52.4 сая хүн халдвар авснаас 1.2 сая хүн эндсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий дахинд нийт 600 мянга гаруй хүн халдвар авсан нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
АНУ-д халдвар хамгийн өндөр байна. Нэг өдөрт 200 мянган хүн халдвар авсан нь мөн өндөр үзүүлэлт болж байна.
Монгол Улсад 450 гаруй эмч, мэргэжилтнүүд халдварын эсрэг тэмцэж байна. 3000 гаруй хүн 119 шуурхай утсаар зөвлөмж авчээ.
Амархан муудаж гэмтдэг хоол хүнсийг зөв хэрэглэх шаардлагатай байна. Шарсан хуурсан, түргэн хоол болон давстай, чихэртэй хүнснээс аль болох татгалзаж, дархлаагаа дэмжих, чацаргана, аарц, барагшуун зэрэг бүтээгдэхүүнийг авч хэрэглэхийг зөвлөж байна. Энэ талаарх зөвлөмжийг ЭМЯ-ны цахим хуудаснаас авах боломжтой.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-416 тохиолдлоос Улаанбаатар хотод долоо, Сэлэнгэд гурав нийт арван дотоодын халдвар бүртгэгдээд байна. ХӨСҮТ-ийн эмч, ажилчин нийлээд долоон хүн халдвар аваад байна. Эхний байдлаар ойрын хавьтал болох 150 хүнийг тусгаарлаад, шинжилгээнд оруулаад байна.
Дарханд ЗӨСҮТ бүх халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг гүйцэтгэж байна. Оношлуурын хувьд хадгалалтын хугацаа заасан байдаг тул ойр ойрхон хангамжийг бүрдүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 416 боллоо. Үүнээс эдгэрсэн 328 байна. Харин ХӨСҮТ-д 83 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа аж.