Дэлхий дээр 150 хүн тутмын нэг нь халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 14

Дэлхий дээр 150 хүн тутмын нэг нь коронавирусний халдвар аваад байна. Долоо хоногт нийт дөрвөн сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 0.5 саяар илүү байна.

Сүүлийн долоо хоногт нийт 2.9 сая хүн эдгэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт. Халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан эдгэрсэн хүний хувь хэмжээ 66-аас 64.7 хувь болж буурчээ.

Сүүлийн долоо хоногт 60 мянга гаруй хүн халдварын улмаас эндсэн нь мөн л хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Нас баралтын түвшин 2.45 хувьд хүртэл буурчээ. Идэвхтэй өвчтөнүүдийн тоо хоёр орчим саяар нэмэгдэж, 14.2 саяд хүрсэн нь нийт халдварын тохиолдлын 26 хувийг эзэлж байна.

Европ цар тахлыг голомт хэвээр байна. Сүүлийн долоо хоногт бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын талаас илүү хувь нь энэ тивд ногдож байна. Ази, Америкт халдварын тархалт буурч байгаа ч Иран, АНУ-д эрчимтэй нэмэгджээ. Дэлхийн 10 оронд халдварын тохиолдол нэг саяас тус тус даваад байна. Эдгээр улс орнуудад нийт халдварын тохиолдлын гуравны хоёр нь ногдож байгаагаас дөрөв нь Европын орнууд юм. Франц улсад нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тус улсад хоногт 40 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд идэвхтэй өвчтөнүүд халдвар авагсдын 90 гаруй хувийг эзэлж байна.

Халдвар авагсдын тоогоор тэргүүлж буй АНУ (10.5 сая гаруй)-д сүүлийн долоо хоногт халдварын тархалт долоогоос 9.5 хувь хүртэл нэмэгджээ. Энэ улсад нэг хоногт 160 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Гэхдээ идэвхтэй өвчтөнүүдийн хувь харьцангуй бага буюу нийт халдварын тохиолдлын гуравны нэгийг эзэлж байна.

Латин Америкийн улс орнуудад халдварын тархалт сүүлийн долоо хоногт таван хувиар нэмэгджээ. Аргентинд энэ үзүүлэлт хамгийн өндөр буюу 5.5 хувь байна. Ингэхдээ идэвхтэй тохиолдлууд тус бүс нутагт харьцангуй бага байна. Бразилд халдвар авсан хүмүүсийн дөнгөж зургаан хувь нь өдгөө идэвхтэй өвчтөнүүдэд тооцогдож байгаа бол Чилид дөнгөж хоёр хувь нь эмчлэгдэж байна. 

Азид хамгийн том халдварын голомт болоод буй Энэтхэгт нөхцөл байдал тогтворжиж байна. Долоо хоногт халдварын тохиолдол таван хувиар нэмэгдсэн бол нэг хоногт 45 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Энэ нь есдүгээр сарын үзүүлэлтээс хоёр дахин бага юм.
Харин Иранд нөхцөл байдал хүндэрч байна. Тус улсад сүүлийн долоо хоногт халдвар авсан хүмүүсийн то 11 хувиар нэмэгджээ. Идэвхтэй тохиолдол нь нийт халдварын 20 хувийг эзэлж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top