“Энхсаран"-д тусгаарлагдсан иргэдийг гурван буудалд хуваан байршуулна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Улсын онцгой комиссоос коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд “Энхсаран” зочид буудалд тусгаарлагдсан 81 иргэн, үйлчилгээний 17 ажилтныг гурван буудалд хуваан байршуулах тухай ярилаа.

Тухайлбал тусгаарлагдсан байсан 81 иргэнийг “Кентавр”, “Дрийм” зочид буудлуудад, харин үйлчилгээний 17 ажилтныг “Sunjin Grand” буудалд байршуулахаар болжээ.

“Тусгаарлалтад байсан иргэдийн хугацаа энэ сарын 14-ний өдөр дууссан байсан. Өнгөрсөн хугацаанд гурван удаа шинжилгээ хийсэн. Зочид буудалд байршуулсны дараа дахин шинжилгээ хийнэ. Хэрэв сөрөг гарвал гэрийн ажиглалтад шилжүүлнэ” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян ярисан юм.

“Энхсаран” сувилалд гарсан халдварын 30 гаруй тохиолдол нь тус сувилалын гуравдугаар байрт гарчээ. Тодруулбал өнөөдөр шилжүүлж буй дөрөв болон нэгдүгээр байраас 100 гаруй метрийн зайтай байдаг байна.

Гуравдугаар байрт ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд улмаар үйл ажиллагааг нь зогсоожээ.

Түүнчлэн сүүлийн хоёр сарын хугацаанд халдвар хамгааллын дэглэм, хариуцлага алдсан тул тусгаарлалтын байрын шугмаар ашиглахыг зогсоосон гэдгийг онцолсон юм.

 

Top