Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хүргэх үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр коронавирусийг хохирол багатай даван туулахад нийт иргэдийн оролцоо чухал гэж мэдээллээ.
“Монголчууд бид коронавирусний тархалтыг таслан зогсоох, хохирол багатай даван туулах нь чухал болоод байна. Үүнийг эв нэгдэлтэй байж даван туулна. Монгол бол нэг гэр бүл. Хүндрэл, бэрхшээл тохиолдвол хамтдаа үүрч, амжилт гаргавал хамтдаа баярлана. Хэн нэгэн хүн энэ тойргийн гадна үлдэнэ гэж байхгүй. Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг ягштал дагаж мөрдөх шаардлагатай байна” гэж Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр ярилаа.
Монгол Улсад хоёр голомтод коронавируст халдвар тархаж, ойрын болон дам хавьтлын тоо нэмэгдэж байгаа учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Одоогийн байдлаар Монгол Улсад коронавирусний батлагдсан 455 тохиолдол байгаагаас дотоодын халдварын тоо хоёр голомтод нийт 30 тохиолдол бүртгэгдээд байна.