Канад коронавирусний вакцинаасаа ядуу орнуудад илүүчилнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Канадын эрх баригчид өөрийн иргэддээ зориулан захиалаад буй коронавирусний эсрэг вакцины зарим хэсгийг ядуу буурай орнуудад хандивлах талаар яриа хэлэлцээ хийж байна гэж Ройтерс агентлагийн мэдээлжээ. Ингэхдээ тус улс вакцин нийлүүлэлтийн дэлхийн талбар болоод буй “COVAX Facility” олон улсын сангаар дамжуулан вакцинаа нийлүүлэх гэнэ.

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо коронавирусний эсрэг вакциныг дэлхийн бүх улс орнуудад шуурхай бөгөөд шударгаар түгээх ёстой гэж мэдэгдэж байсан билээ. Канадын Засгийн газар AstraZeneca, Novavax, Johnson & Johnson, Pfizer, Moderna, Sanofi болон GSK (GlaxoSmithKline) компанитай вакцин нийлүүлэх тухай гэрээ байгуулаад байгаа юм. Тус улс нийт 300 сая тун акцин захиалсан ба гэрээ ёсоор вакциныг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн даруйд авах аж. Ингэхдээ Канад ард иргэдээ вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах юм.

Канад улсад нийт 311 мянга гаруй хүн халдвар авснаас 11 мянга орчим өвчтөн эндэж, 248 мянган хүн эдгэрээд байна.

Top