SOS | Нэг орцны зургаан айлаас ХАЛДВАР илэрчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэхэд нэг орцны 20 гаруй айлаас зургаан айлд халдвар илэрсэн гэдгийг анхааруулсан юм.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн тээврийн жолоочтой холбоотой кластер халдвараас ойрын хавьтлын 15 хүнээс халдвар илэрчээ. Улмаар ойрын хавьтлын гурван хүн “GGS” караокед үйлчлүүлж, хамт байсан зургаан хүндээ халдаасан байна. Энэ нь явсаар нэг орцны хүмүүст халдаах нөхцөлийг бүрдүүлжээ.

“Нэг орцны 20 гаруй айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд зургаан айлд халдвар бүртгэгдсэн. Ингэснээр караокеноос улбаатай 18 хүн халдвар авсан байна“ гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярьсан юм.

Хэрэв уншигч та бүхэн арваннэгдүгээр сарын 09-ний өдөр “GGS” караокегоор үйлчлүүлсэн бол, “UB Palace”-д болсон тоглолт, Соёлын төв өргөөнд болсон “Эмоци” продакшны тоглолт үзсэн бол нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Коронавируст халдварын хоёр голомтод халдварын болон сэжигтэй тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул гэрээсээ гарахгүй байж, халдвар хамгааллын дэглэм сахин, Улсын онцгой комисс, холбогдох байгууллагуудын зөвлөмжийг дагахыг уриалж байна.

Top