ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэж байна (2020.11.21, 11:00 цаг).
2020.11.21-ний 11:00 цагийн байдлаар халдварын 21 тохиолдол нэмэгдэж, дотоод дахь халдварын тоо 142, нийт халдварын тоо 578 боллоо.
Тодруулбал, Улаанбаатар хотод 6, Сэлэнгэ аймагт 5, Дорноговь аймагт 6, Орхон аймагт 4 тохиолдол тус тус шинээр бүртгэгджээ.
2020.11.21-ний 11:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 218 улс орон, нутаг дэвсгэрт 56.6 сая хүн өвчилж, сүүлийн 24 цагт 621 мянган хүн шинээр халдвар авчээ. Монгол улсад 578 халдварын тохиолдол бүртгэгдлээ. 119, 118 дугаарт 3328 хүн утасдаж, зөвлөгөө авсан байна. Коронавирусээр бүх насны хүмүүс өвчлөх боломжтой. Ялангуяа, өндөр настнууд болон архаг, хууч өвчтэй хүмүүс халдварлах эрсдэл өндөр байна. Амтлах, үнэрлэх чадвараа алдах, өндөр халуурах, гишгэхэд хүнд болох, бөөлжих, толгой эргэх, булчин шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарын утас руу залган, зөвлөгөө авах шаардлагатай.
Дархан-Уул аймагт халдвар дамжин тархах эрсдэлийг бууруулах арга хэмжээ нь үр дүнтэй байна гэж үзэж байгаа. Гэхдээ Дархан-Уул аймагт гарсан голомтыг бүр таслан зогсоосон гэж хэлэхгүй. Голомтын нарийн тандалт судалгаа цааш үргэлжилдэг. Тиймээс Дархан-Уул аймагт одоогоор зөвхөн халдвар тархах эрсдэлийг л бууруулсан гэж үзэж болно.
Гадаадын оронд ажиллаж, амьдарч буй 90 гаруй хүн халдвар авсан. Ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж, зөвлөгөө авч, гэрээр эмчилгээ хийсэн. Сайн дурын шинжилгээ өгөх 18 цэгээс гадна өрхийн эмнэлгүүдэд шинжилгээ өгч байгаа. Ингэхдээ заавал 119, 1800 0119 дугаарт хандан, цаг авах шаардлагатай" гэлээ.
Түүнчлэн Нийслэлийн Онцгой комиссоос "Нөөцийн махны хувьд нийслэлийн 43 цэгт явуулах цэг 390 тонн мах борлуулсан бол дөрвөн мянган тонны нөөцтэй байна. Хүнсний 770 үйлдвэрийн 2000 машин, импортын хүнсний хүргэлтийн 2000 машин нийт 3731 дэлгүүрт хүргэлт хийнэ" гэдгийг мэдээллээ.