Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын ээлжит мэдээлэл хүргэхэд эмчилгээнд хэрэглэж буй эм, эмчилгээний нарийн зөвлөгөөг яг эмчлүүлж буй хүндээ өгнө гэж мэдэгдлээ.
Ингэсэн нь дур мэдэн эм хэрэглэн өвчнөө улам хүндрүүлэх эрсдлийг бууруулах үр дүнтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
“Эмчилгээнд хэрэглэж байгаа эмийг зарлах нь эрсдэлтэй. Учир нь хавьтал болсон иргэдийг ирээд шинжилгээ өг гэхэд ирэхгүй байгаа хүмүүс дур мэдэн эм уугаад биеийн байдал нь хүндрэх эрсдэл байна. Тиймээс эмчилгээний нарийн зөвлөгөө зөвлөмжийг яг эмчлүүлж буй хүндээ л өгнө” гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ярилаа.
Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ-ийн клиник нэгдүгээрт вирусний эсрэг, хоёрдугаарт дархлаа дэмжих, гуравдугаарт хүндрэлийн эсрэг эмчилгээ хийж иржээ. Харин биеийн байдал хүндэрсэн тохиолдол антибиотик өгч байсан байна.
Түүнчлэн ОХУ, АНУ-д шинээр нэмэгдсэн эм, шинэчлэгдсэн удирдамжийг эмчилгээний явцад дагаж мөрддөг гэлээ.