МЭДЭГДЭЛ | Монголоос буцсан герман цэргээс халдвар илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 22

Өнгөрсөн баасан гарагт ХБНГУ-ын Бавари мужийн BR цахим хуудаст Монгол Улсад сургуульд оролцсон цэргээс халдвар илэрсэн тухай ташаа мэдээлэл цацагдсан. Тэгвэл ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас уг мэдээллийг залруулж мэдэгдэл гаргалаа.


Уг мэдэгдэлд “Өнгөрсөн баасан, бямба гаригуудад Монголын зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон фейсбүүк хуудсаар Монгол Улсад ирсэн Германы цэргийн алба хаагчдын тухай ташаа мэдээлэл Герман Улсад (BR.de цахим хуудсанд) гарсан нийтлэлтэй холбоотойгоор түгээсэн тул Улаанбаатар дахь Герман Улсын Элчин сайдын яам дараах зүйлийг мэдэгдэж байна:

Герман болон Монголын цэргийн алба хаагчид аравдугаар сард хамтарсан сургалт хийсэн нь үнэн зөв болно. Энэхүү хамтарсан дадлага сургалтын өмнө Германы цэргийн алба хаагчид Монгол Улсад хүрэлцэн ирсэний даруй бүгд тусгаарлагдан, тусгаарлалтын хугацаанд хэд хэдэн удаа коронавирусын шинжилгээ өгсөн. Герман цэргийн алба хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Цэргийн хамтарсан сургалтыг Төв аймгийн Таван толгой дахь Монгол Улсын Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв болон Тэрэлжид зохион байгуулсан бөгөөд Герман цэргийн алба хаагчид Өмнөговь аймаг дахь Таван толгой руу зорчоогүй болно” гэжээ.

Германы BR цахим хуудаст Тавантолгой дахь сургуулилтад оролцсон цэргүүдээс халдвар илэрсэн тухай мэдээлэл цацагдсанаас гадна Өмнөговь аймгийн Таван толгойд очиж сургуулилт хийсэн гэж газар орны нэр холин ташаа мэдээлэл цацсан юм.

Уг мэдээллийг монголын хэд, хэдэн цахим хуудас яг байгаагаар нь орчуулж хүмүүст хүргэсэн. Тухайн үед манай редакц мэдээллийг дахин нягталж хүргэсэн билээ.

Дахин нягталж цацсан мэдээллийг та ЭНД ДАРЖ үзнэ үү!

Top