Улсын онцгой комиссын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан халдварыг хумих боломж бүрдсэн тухай мэдээллээ.
“Шинэ голомтоос халдвар илрээгүй байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар эх үүсвэр тодорхойгүй халдвар бүртгэгдсэнгүй. Тиймээс Улаанбаатарт дэгдсэн халдварыг хумих бүрэн боломжтой гэж харж байгаа” гэж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярилаа.
Өнгөрсөн хугацаанд ойрын хавьтлын 700, хоёрдогч хавьтлын 6500 орчим хүнд PCR шинжилгээ хийжээ. Түүнчлэн түргэвчилсэн оношлуурт 100 гаруй мянган хүн хамрагджээ. Үүнээс 50 мянга нь Улаанбаатарын иргэд эзэлж байна.
Мэргэжилтнүүд дээрх судалгааг харгалзан халдвар өргөн хүрээнд тархаагүй гэх дүгнэлт хийжээ.
Цаашид халдварыг тархаахгүйн тулд хөл хорионы дэглэм чанд баримталж, халдвар хамгааллыг хатуу баримтлах нь үр дүнтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас онцолсон юм.