Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тусгай төлөөлөгч Дэвид Набарро коронавирусний цар тахлын гурав дахь давлагаа ирэх оны эхээр Европыг нөмөрч болзошгүйг анхааруулжээ.
Түүний хэлснээр, европчууд нэг дэх давлагааг хяналтдаа авч чадсан ч хоёр дахь давлагааг урьдчилан сэргийлж чадаагүй. Европын орнууд зуны саруудад шаардлагатай дэд бүтцийг бий болгох боломжоо алдсан. Хэрвээ энэ удаад шаардлагатай дэд бүтцийг бий болгохгүй бол ирэх оны эхээр тэднийг гурав дахь давлагаа нөмрөх болно гэж тэрбээр онцолсон байна.
Харин Зүүн Азийн улс орнуудын хувьд, эрх баригчид, хүн амын хооронд тогтсон тодорхой харилцаа холбооны ачаар цар тахлын нөхцөл байдал харьцангуй дээр байна гэж Набарро тодруулжээ. Зүүн Азид ажиглагдаж буй бас нэг чухал зүйл нь ард иргэдийн хүчтэй хариу үйлдлийн тусламжтай халдварын тархалтыг бууруулсны дараа ч хорио цээрийн арга хэмжээг сулруулдаггүй. Халдварын тархалт доод хэмжээнд хүрч, тогтвортой болох хүртэлх хугацааг хүлээх шаардлагатай гэж тэрбээр зөвлөж байна.
Дэхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 57.2 сая гаруй хүн халдвар авснаас 1.36 сая хүн эндээд байна.