АНУ-ын эм үйлдвэрлэлийн “Moderna” компанийн тэргүүн Стефан Бансел тус компанийн бүтээж буй коронавирусний эсрэг вакцины боломжит үнэ нь 25-37 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж мэдэгджээ.
КОВИД-19 халдвар авсан хүнд өвчтөнүүдийн эмчилгээнд зориулж буй эрүүл мэндийн тогтолцооны зардалтай харьцуулбал энэ бол шударга үнэ гэж Бансел онцолсон байна. Түүний хэлснээр, тус компани өндөр ашиг хараагүй бөгөөд вакцины өртөг захиалгын хэмжээнээс хамаарах гэнэ. Энэ ондоо багтаан “Moderna” компани нийт 20 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ихэнх нь Европын улс орнуудад мөн энэ онд багтан очих болно.
Тус компани АНУ-ын засаг захиргаанаас нийт 486 сая ам.долларын санхүүжилт вакцин бүтээхэд зориулж аваад байгаа бол “Johnson&Johnson” 456 сая ам.доллар, “AstraZeneca” компани 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт авчээ. Цагаан ордны мэдээллээр, АНУ-ын засаг захиргаа коронавирусний эсрэг вакцин бүтээх төслүүдэд зориулж нийт 12 тэрбум ам.долларын санхүүжилт олгоод байна.
“Moderna” компанийн бүтээсэн вакцин эмнэлзүйн гуравдугаар шатны туршилтаар 94.5 хувийн үр дүнтэй болохоо харуулсан билээ.