2020 онд ОХУ-аас Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламжийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээнд дурдсанаар ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ сарын 8-нд явуулын иж бүрэн тоноглосон хоёр дахь авто лабораторийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
ЗӨСҮТ нь ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг Монгол Улсад 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын буцалтгүй тусламжаар нийлүүлсэн чиргүүлтэй КАМАЗ автомашинд иж бүрэн тоноглогдсон явуулын авто лаборатори нь 932 сая төгрөгийн үнэ бүхий 23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээ оношилгоог хээрийн нөхцөлд хийх хүчин чадалтай юм.
Уг явуулын лаборатори нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байгаа бөгөөд төмөр зам дагуу гарч буй халдварын голомтод ажиллаж коронавируст халдвар илрүүлэх лабораторийн шинжилгээг газар дээр нь шуурхай зохион байгуулж байгаа юм.
Мөн авто лабораторийн нэгдүгээр баг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар тус баг COVID-19 халдварын лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэж, шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Ташрамд дурдахад, ЗӨСҮТ-ийн үүсэж байгуулагдсан түүх ОХУ-аас тарваган тахал судлалын лаборатори бэлэглэснээр эхэлжээ. Тэр үеэс зоонозын өвчинтэй тэмцэх, сэргийлэх үйл ажиллагаанд хамтран ажиллаж эхэлсэн ба өнөөдөр хил орчмын бүс нутгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.
ОХУ 20 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглосон 670,105,320 төгрөгийн үнэ бүхий лабораторийн эхний автомашин, ПГУ-ын биоаюулгүйн кабинет, холигч, мананцар үүсгэн халдваргүйтгэх генератор, центрофуг, микроскоп зэрэг таван нэр төрлийн 15 тоног төхөөрөмж, нэг төрлийн 25 баглаа хэрэгсэл 59,150,520 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг Монгол Улсын ЭМЯ-нд 2018 онд өгчээ.
Авто лаборатори энэ сарын 17-ны өдрөөс эхлэн Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад газар дээр нь PCR оношилгоо хийж ажиллаж байна. Ингэснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэж хугацаа алдахгүйгээр лабораторийн шинжилгээ хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.