КОВИД 19 | Нэг хүн 7-23 хүнд халдаах эрсдэлтэй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 26

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр коронавирусний халдварын дотооддоо алдсан эхний тохиолдол бүртгэгдсэнээс улбаатай халдвар ямар байгаа талаар мэдээлэл өглөө. Халдвар гинжин хэлхээгээр явж, эхний тохиолдолтой ойрын зайд харьцсан хүмүүс өвчилж, тэднээс караокед орсон хүн байгаа зэргээс үүдэж нийслэл хотын есөн байршилд 52 хүн эхний тохиолдлоос улбаалсан халдвар бүртгэгджээ.

Коронавирусний халдвартай нэг хүн 7-23 хүнд халдаах эрсдэлтэй байна гэлээ. Түүнчлэн голомтын үргэлжлэх хугацааг тогтоох,  батлагдсан тохиолдлууд ойрын хавьтал болсон хүнээ хэлэхгүй байх тохиолдол гарч байгаа учир хавьтлуудыг хөөхөд 14, цаашлаад 28 хоног үргэлжилнэ гэв. Эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш олон нийтийг хамарсан улсын хэмжээний цар тахал болгочихгүйн тулд авч байгаа арга хэмжээг 14 хоног барьж, дараагийн хяналтын 14 хоногт батлагдсан тохиолдол, хяналтад авсан хүмүүсээсээ шинжилгээ авах аж.

Дэлхий нийтийн жишгээр нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг авснаар халдвар тархах эрсдэлийг 55 хувиар бууруулж байна гэлээ. Одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ халдвар нийтэд тархахаас 70-80 хувь хамгаалж байгаа гэж эрдэмтэн судлаачид тооцоолж байгаа аж.

 

Top