Испанийн томуу, Дэлхийн нэг, хоёрдугаар дайныг даван туулсан Италийн 101 настай иргэн Мариа Орсингер гурав дахь удаагаа коронавирусний халдвар авчээ. Бүх тохиолдолд тэрбээр хөнгөн туссан байна. Италийн “La Provincia di Sondrio” хэвлэлд мэдээлснээр, Ломбардиа мужийн Арденно хотын өндөр настнуудын асрамжийн газар амьдардаг Мариа анх хоёрдугаар сард халдвар авч байжээ. Өндөр настай өвчтөнүүдээс КОВИД-19-ийг ийм хөнгөн туссан хүн байгаагүй гэж түүнийг эмчилсэн эмч онцолж байсан гэж Мариагийн охин Карла ярьжээ. Өнгөрсөн есдүгээр сард цар тахлын хоёр дахь давлагаа нөмрөхөд тэрбээр дахин халдвар авчээ. Энэ удаад тэрбээр бага зэрэг халуурч байсан ч хөнгөн туссан байна. Орсингер эмнэлэгт 18 хоног эмчлүүлээд гарсан байна.
Өнгөрсөн баасан гарагт Мариагийн охин Инес ээжийнх нь шинжилгээний хариу гурав дахь удаагаа эерэг гарсан тухай мэдээлжээ. Энэ удаад тэрбээр асрамжийн газартаа цорын ганц халдвар тээгч болжээ. Түүнд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд биеийн байдал нь сайн байгаа гэнэ.
Мариа Орсингер 1919 оны долоодугаар сарын 21-нд тариачны гэрт төржээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед нөхөрт гарч, зургаан хүүхэд төрүүлжээ. Бүхий л амьдралынхаа туршид тэрбээр эрүүл чийрэг гэдгээрээ гайхагдаж байсан гэнэ. Мариа хамгийн сайн эм бол хөдөлмөр гэж ярих дуртай аж. Сүүлийн жилүүдэд түүнийг шаналгаж буй цорын ганц зовуурь нь сонсгол муудсан явдал гэнэ.