ЭМЯ: Монгол Улсад батлагдсан тохиолдол 801 боллоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 01

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний тархалт, шинжилгээ, нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч буй 11:00 цагийн хэвлэлийн бага хурал эхэллээ. 

Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Манай оронд нийт батлагдсан тохиолдлын тоо 801 болсноос З58-ыг нь дотоодын халдвар эзэлж байна. Улсын хэмжээнд есөн голомт байна. Ойрын хавьтлын 4671 хүнийг тусгаарлан, шинжилгээнд хамруулж байгаа. Тусгай дугаарын дөрвөн утсанд сүүлийн 24 цагт 6628 хүн утастаж, зөвлөгөө авсан.

Өнөөдрөөс эхлэн маш олон тооны хүн нийтийн тээвэр болон хот хоорондын тээврээр зорчиж эхэлж байна. Нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүйх, боломжтой тохиолдол хоёр цаг тутам солих, зайлшгүй бээлий зүүх, нойтон салфетка авч явах, хүнтэй аль болох ярихгүй, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг хүнтэй хувааж идэхгүй байхыг зөвлөж байна. Халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл тээврийн хэрэгслийн арын суудалд сууж, тусгаарлах шаардлагатай" гэв.

Тэрбээр мөн Монгол Улс ямар вакцин хэрэглэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад "Монгол Улс вакцины тухай хуультай. Манай Улсын 0-5 насны хүүхдүүд НҮБ-ын Хүүхдийн сангаас баталгаажуулсан хамгийн чанартай, хамгийн баталгаатай вакцин хэрэглэдэг. Мөн ийм шаардлагыг КОВИД-ийн эсрэг вакцинд тавих болно. ДЭМБ-ын зөвшөөрөл, батламж авсан вакцин авна" гэж хариулав. 

Түүнчлэн "Халдвар илэрсэн байранд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа. 119 дугаарын шууд утасны хувьд ачаалал ихтэй байна. Шууд утас, бүртгэлийн цахим хуудсыг интерактив компаниуд хариуцаж байгаа. Тухай бүрд алдаа дутагдлыг засаж, ажиллаж байна" гэдгийг тодотголоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд
 

  • Улаанбаатарт - 7
  • Сэлэнгэ аймагт - 1
  • Архангай аймагт - 1 
  • Говьсүмбэр аймагт - 1 иргэн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо.


Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.01-ний өдрийн байдлаар

(Нийт батлагдсан тохиолдлын тоо 801, Дотоод дахь халдварын тоо З58)
 

  • Улаанбаатар хот - 84
  • Сэлэнгэ аймаг - 180
  • Дархан-Уул аймаг - 44
  • Орхон аймаг - 22
  • Дорноговь аймаг - 21
  • Говьсүмбэр аймаг - 4
  • Архангай аймаг -3 

 

Top