АНУ-ын “Pfizer” эм үйлдвэрлэлийн компани энэ жил нийлүүлэхээр төлөвлөж байсан хэмжээнээс хоёр дахин бага тун вакцин нийлүүлэхээр болжээ. Ложистикийн асуудлаас үүдэн тус компани энэ жилдээ багтаан үйлдвэрлэхээр төлөвлөж байсан 100 сая тунгийн хагасыг буюу 50 сая тун вакцин нийлүүлнэ гэж “The Wallstreet Journal” хэвлэлд мэдээлжээ.
Түүхий эд нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ажил төлөвлөснөөс илүү хугацаа авснаас гадна вакцины эмнэлзүйн туршилтын дүн мөн төлөвлөснөөс хожуу хугацаанд гарсан гэж тус компанийн төлөөлөгч Эми Роуз тайлбарласан байна.
Вакцин үйлдвэрлэлийн эхэн үед ашиглаж байсан зарим түүхий эд шаардлагатай стандартад нийцээгүй байсныг тогтоожээ. Ингэхдээ “Pfizer” компани 2021 оны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулаагүй ба төлөвлөгөө ёсоор 1.3 тэрбум тун вакцин үйлдвэрлэх юм.
Өнгөрсөн лхагва гарагт Их Британийн Эмийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакциныг анх удаа хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Их Британийн эрх баригчид 2020-2021 онуудад нийт 40 сая тун вакцин авахаар гэрээ байгуулаад байна. Тус вакцины эмнэлзүйн туршилтын дүнгээс үзвэл тус вакцин коронавирусний халдвараас 90 доошгүй хувь хамгаалдаг болохыг харуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )