Коронавируст цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төв болон шинжлэх ухааны “Nature” сэтгүүлд коронавируст цар тахал тархах эрсдэлтэй газруудыг жагсаажээ. Нийт халдвар авсан өвчтөнүүдийн өгүүлэмжийг харгалзан дээрх жагсаалтыг гаргасан бөгөөд судалгааны дүнг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад илгээсэн юм.
Та бүхэнд коронавирус голомтлон тархах эрсдэлтэй газруудыг танилцуулъя.
Ресторан, зоогийн газар
Стенфордын их сургуулийн судалгаагаар ресторан, зоогийн газарт халдвар тархах магадлал хамгийн өндөр аж. Учир нь олон хүн нэг дор ихээр цугладаг, зөөгч зэрэг нь олон хүнтэй нэг дор харилцдаг зэрэг нь эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. АНУ-д бүртгэгдсэн нийт халдварын 25 хувь нь ресторан, зоогийн газраар үйлчлүүлсэн, түүнээс дам хавьтал болсон иргэд эзэлж байгаа аж. ДЭМБ-ын зүгээс ч цар тахлын үед ресторан, зоогийн газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөөд байгаа билээ. Баруун Европын ихэнх орнууд хөл хорио тогтоохдоо ресторан, зоогийн газруудыг хамруулаад байгаа юм.
Шөнийн цэнгээний газар
Хэрэв уншигч та санаж байгаа бол өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгост шөнийн цэнгээний газраас улбаатай халдвар голомтлон тархаж байсан. АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн үндэсний төвийн судалгаагаар шөнийн цэнгээний газар нь эрсдэлтэй газруудын жагсаалтад багтжээ. Учир нь бусад газруудыг бодвол шөнийн цэнгээний газарт халдвар тархах эрсдэл хоёр дахин өндөр байдаг аж.
Гэртээ олон хүн цуглуулах
Цар тахлын үед гэртээ олон хүн цуглуулж найр хийх нь эрсдэлтэй гэдгийг эрдэмтэд анхааруулж байна. Ялангуяа Ази тивийн улс орнуудад хамаатан садан нэгнийхээрээ орж гарах нь Европын орнуудтай харьцуулахад харьцангуй илүү учир илүү өндөр эрсдэлтэй гэж дүгнэж байгаа аж. Ази тивд цар тахал дэгдэж эхэлснээс хойш гэртээ олон хүн цуглуулсан өгүүлэмжтэй халдвар 10 гаруй хувийг эзэлж байгаа гэдгийг судалгаанд дурджээ.
Фитнес
Өв тэгш бие хаа, булчинтай болохыг хүсдэг бол энэ хүслээ цар тахлын үед тэвчихийг эрдэмтэд зөвлөж байна. Бэлтгэлийн заал нь агаар сэлгэлт бага хийгддэг, олон хүн цуглардаг, хөлс ихээр ялгардаг зэргээрээ халдвар тархах эрсдэлийг тав дахин нэмэгдүүлдэг байна. Зөвхөн АНУ-д л гэхэд бэлтгэлийн төв, фитнесээс гаралтай халдварын тоо 250 мянгад хүрчээ. Халдвартай нэг хүн л фитнесээр үйлчлүүлэхэд 100 хүнд халдвар халдаах эрсдэлтэй байдаг аж.
Түргэн хоолны төв
Коронавируст халдвар тархах хамгийн эрсдэлтэй газраар түргэн хоолны төвийг нэрлэжээ. Түргэн хоолны төв нь жирийн зоогийн газартай харьцуулахад халдвар тархаах эрсдэл гурав дахин өндөр. Дээрээс нь үйлчлүүлэгч түргэн хугацаанд сэлгэгдэж байдаг учир халдварын тохиолдол үржигдэх нөхцөл бүрдүүлдэг. Ихэвчлэн урьдчилан бэлдсэн бүтээгдэхүүн ашигладаг учраас халдварын вирус хадгалагдаж байх өндөр магадлалтай аж.
Шашны байгууллага
Цар тахлын үед сүм, шашны байгууллага хамгийн эрсдэлтэй орчинд тооцогдож байна. Учир нь битүү орчинд олон хүн цуглардаг тул халдварын тархалтыг нэмэгдүүлдэг байна. Азийн хэд, хэдэн улсад шашны ёслол, цуглаанд оролцсон өгүүлэмжтэй голомтолсон халдвар бүртгэгдсэн. Сүмийн цуглаан бараг дооо хоног бүр болдог АНУ болон баруун европын ихэнх муж, улсууд сүмийн цуглааныг тодорхойгүй хугацаагаар хориглоод байна.
Дэлгүүр, супермаркет
Дэлгүүр, супермаркетаар олон хүн үйлчлүүлдэг, хүмүүсийн сэлгэлт харьцангуй хурдан зэргээс шалтгаалан халдварын өндөр эрсдэлтэй орчинд тооцогдох болжээ. Ялангуяа супермаркетаар үйлчлүүлэгчид олон бараанд зэрэг хүрэх, нэгэнтэйгээ ойрхон зөрөх, шүргэлцдэг тул халдвар тархах таатай нөхцөл болдог аж. Дэлхийн ихэнх улсад дэлгүүрээс улбаатай хэд, хэдэн тохиолдол бүртгэгдсэн тул ДЭМБ-аас тусгай зөвлөмж хүртэл гаргаж байсан.
Үсчин, гоо сайхны төв
Коронавируст халдвар үсээр дамжих өндөр эрсдэлтэй учир хөл хорионы үед дэлхий даяар үсчин, гоо сайхны газруудыг хаадаг жишиг тогтжээ. Ялангуяа үсчин мэргэжил цар тахлын үед хамгийн эрсдэлтэй мэргэжил болоод байна. АНУ болон Европын хэд, хэдэн улсад үсчнээр үйлчлүүлсэн иргэдээс халдвар илэрсэн. Ойролцоогоор дээрх улс орнуудыг оруулан тооцвол 250 гаруй мянган тохиолдол бүртгэгдээд байна. ДЭМБ дэлхийн улс орнуудад хөл хорио тогтоохдоо үсчин, гоо сайхны төвүүдийн үйл ажиллагааг түр хаах зөвлөмж хүргүүлсэн нь ч үүнтэй холбоотой.
Гадаа зохиогддог арга хэмжээ
Коронавируст халдвар агаар дуслын замаар халддаг учраас гадна орчинд зохиогддог арга хэмжээ халдварын хамгийн эрсдэлтэй нөхцөлд тооцогдож байна. Хэрэв тус арга хэмжээнд нэг халдвартай хүн оролцоход л цаашлаад 500, бүр 1000 гаруй хүнд халдвар тархаах эрсдэлтэй. Гадна орчинд ариутгал халдваргүйтгэл хийсэн ч халдвар тараах эрсдэлийг бууруулж чаддаггүй аж. Өнгөрсөн намар Энэтхэг, Пакистан, Малайз зэрэг улсуудад гадна орчинд зохиогддог уламжлалт арга хэмжээ нь халдвар тархах таатай нөхцөл болжээ.
Эх сурвалж: Nature, Health Digest