БНСУ-д ачаалал хэтэрч, чингэлэгт өвчтөнөө авахаар болжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 12 сарын 10

БНСУ-ын эрх баригчид коронавирусний цар тахлын гурав дахь давлагаа эхэлж, халдварын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн эмнэлгүүдийн ачаалал хэтэрч, орны хомстол тул ачааны чингэлгүүдэд эмнэлгийн ор байршуулж, өвчтөнүүдийг хүлээн авах ажлыг Сөүл хотод өнөөдрөөс (2020.12.10) өрнүүлээд байна. Цар тахал дэгдсэнээс хойш Сөүл анх удаа ийм арга хэмжээ авч байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 682 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Түүнчлэн, Сөүл хотод 150 цэгт шинжилгээний түр байр ажиллуулахаар төлөвлөж байна. Ойрын үед халдварын эсрэг гаргаж буй бидний хүчин чармайлт, эрүүл мэндийн системийн нөөц бололцоо хязгаартаа тулж ирэх нөхцөл байдалд ороод байна гэж БНСУ-ын Эрүүл мэндийн сайд Пак Нён Ху мэдэгджээ.

Арван сая хүн амтай Сөүл хотод эмнэлгийн нийт орны гурван хувьд хүнд өвчтөнүүд, 17 хувьд бусад өвчтөнүүдийг хүлээн авч байгаа гэнэ.

Энэ долоо хоногт халдвар хамгааллын хатуу дэглэм тогтоосон хэдий ч халдварын шинэ тохиолдол хоногт дунджаар 600-аар нэмэгдэж байна гэж БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг мэдээлжээ.

БНСУ-ын эрх баригчид хүн амын 60 хувь буюу 44 сая иргэнээ вакцинжуулалтад хамруулахаар тооцож, вакцин үйлдвэрлэгч дөрвөн томоохон компанитай гэрээ байгуулаад байна.

Тус улсад нийт 40098 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс 564 хүн энджээ.
 

Top